Дэлхийн Шинжлэх ухааны Академийн гишүүн ,академич Хавтгайн Намсрай Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх бөгөөд 1968 онд Москвагийн их сургуулийг төгссөнөөс хойш эрдэм шинжилгээний ажилд шамдан амьдралынхаа ихэнх цагийг судалгааны ажилд зориулжээ. Түүний бүтээл дэлхийн олон орны ном, сэтгүүлүүдэд хэвлэгдэж, эрдэм шинжилгээний ажлын гол үнэлгээ болсон ишлэлийн 6 гэсэн өндөр рейтинг авч байсан. Онолын физикийн салбарт “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт”, “Намсрайн арга, схем”, “Намсрайн хязгаарлалт” гэсэн нэр томъёо гарсан нь түүний бүтээлийг дэлхийн мэргэжил нэгт эрдэмтэд, судлаачид хүлээн зөвшөөрч буйн илрэл юм. Академич Х.Намсрай шинжлэх ухааны салбараас Чингэс хааны одон авсан анхны эрдэмтэн юм. Дэлхийн Шинжлэх ухааны Академийн гишүүн, академич Х.Намсрай тэргүүтэй эрдэмтэд эрин зууны гэхээр нээлт хийсэн нь дурын тооноос интеграл авах гайхамшигт томьёонуудыг олжээ. Физик, математикийн алинд нь ч хэрэглэгдэх эл нээлт нь дэлхийн шинжлэх ухаанд “Намсрайн интеграл” хэмээн нэрлэгдэх аж . Хөгжиж буй орны Дэлхийн Академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Англи улсын Кэмбриж хот дахь Шинжлэх ухааны мэдээллийн олон улсын институтийн шалгаруулалтаар XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон билээ. Мөн онолын бүтээлүүдийг туурвихын зэрэгцээгээр эх орныхоо боловсрол мэдлэгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, нийт 21 ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлж олны хүртээл болгож, эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл нь дэлхийн олон улсад хэвлэгджээ. Тэрээр ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжлэх ухааны нэгдсэн институт, АНУ-ын Сиракусын их сургууль, Английн Лондоны их сургууль, Швейцарь улсын Женев хот дахь Европын цөмийн шинжилгээний лаборатори, Герман улсын Хайдельберг,Гамбургийн их сургууль, Италийн Триест хот дахь Олон улсын онолын физикийн төв зэрэг газруудад ажиллаж байсан юм.