Нүүр хуудас Нийгэм Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав

Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав

141
0

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн Дэлхийн банкин дахь удирдагч Тод Жонсон, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцлаа.

Уулзалтаар “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн хэрэгжүүлсэн болон цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны үнийг тэглэсэнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжуудыг Дэлхийн банкны төлөөлөгчдөд танилцуулаад “Манай нийслэлд агаар, хөрсний бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа. Бид ирэх дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлуудаа боловсруулан төлөвлөөд байна. Агаарын бохирдлыг бууруулах тал дээр Дэлхийн банктай олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Өнгөрөгч хугацаанд амжилттай хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд их байна. Үүн дээр Дэлхийн банктай үргэлжлүүлэн хамтран ажиллах саналтай байна” хэмээлээ.

Жеймс Андерсон “Бидний хамтран хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл бол “Улаанбаатар цэвэр агаар” төсөл юм. Дэлхийн банк Монгол Улстай 2005 оноос хойш цэвэр агаар, агаарын бохирдлыг бууруулах тал дээр хамтран ажиллаж байна. Улаанбаатар хот цаг үргэлж тэлж, авто машины тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх хүчин зүйлс болоод байна. Энэ тал дээр цаашид ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар зарим ажлыг төлөвлөсөн. Төслийн хугацаа ирэх зургаан сард дуусахаар байгаа. Хэрэв Дэлхийн банкны удирдлагын зүгээс хугацааг сунгах зөвшөөрөл өгвөл бид үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байгаа” гэж ярилаа.

“Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн Дэлхийн банкин дахь удирдагч Тод Жонсон “Цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа өнгөрсөн хугацаанд гарсан дэвшил, алдаа оноог харгалзан үзэх хэрэгтэй. Төслийн хувьд тодорхой хэмжээний хөрөнгө үлдсэн байгаа. Шаардлагатай бол төслийн хугацааг сунгах нь зөв. Ингэж байж үр дүн нь гарах болно” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here