Нүүр хуудас Улс төр Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ

338
0

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлд Монгол Улсад дотоодын цэрэг анх 1922 онд үүсгэн байгуулагдаж улсын чухал объектын харуул хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олзлогсод болон хоригдлыг хуяглан хүргэх, төр засгийн шийдвэрээр улс оронд гарсан үймээн самууныг таслан зогсоох үүргийг Хилийн ба Дотоодын цэргийн удирдлагад, 1990 оноос 2014 онд татан буугдах хугацааг хүртэл цагдаагийн төв байгууллагын удирдлага дор чиг үүргээ хэрэгжүүлж байсныг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцлон танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлаас 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгож дотоодын цэргийн  чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Дотоодын цэргийн байгууллагыг татан буулгаснаар дотоодын аливаа үймээн самууны үед цагдаагийн байгууллагын хүч, хэрэгсэл хүрэлцэхгүй тохиолдолд Хилийн цэрэг, зэвсэгт хүчнийг дотоодын үймээн самуун, зэвсэгт бослогыг дарахад ашиглах тухай зохицуулалтыг бий болгосон. Энэ нь зэвсэгт хүчний эх орноо хамгаалах үндсэн чиг үүргээс гажсан, хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах өндөр эрсдлийг дагуулдаг төдийгүй зэвсэгт хүчнийг дотоодын тэмцэлд ашиглах, хутган оролцуулах боломж нээгдэж олон улсын тавцанд улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх алхам болдгыг дэлхийн улс орнуудын жишгээс харж болно гэдгийг салбарын сайд хэлсэн. Түүнчлэн улсын онц чухал объектуудын найдвартай хамгаалалт хангагдахгүйгээс гадна, харуулын аюулгүй байдал алдагдаж, аюул осол үүсэх эрсдлийг дагуулж байна. Дотоодын цэргийг татан буулгахаас өмнөх хугацаанд хугацаат цэргийн алба хаагч нарыг хамгаалалтын ажиллагаанд татан оролцуулсанаар тэдгээрийг хүчийг объектуудад тараан байрлуулах, хамгаалалтыг сайжруулах боломжтой төдийгүй офицер, ахлагч нараар хамгаалуулахаас бага зардлаар шийдвэрлэж байсан байна.

Дотоодын үймээн самуун, эмх замбараагүй байдал болон бусад аюул ослыг шатлан өргөжихөөс сэргийлэх, таслан зогсоох, иргэн, төрийн байгууллага, тэдгээрийн өмч хөрөнгө, объектын аюулгүй байдлыг хангах ажиллагааг уг ажиллагааны арга тактик бүхий тусгай бэлтгэгдсэн, удирдлага зохион байгуулалтын хувьд аливаа нөхцөл байдал, аюул осолд шуурхай хариу өгч чадахуйц, байнгын бэлтгэл сургуультай мэргэшсэн бүрэлдэхүүнээр хохирол багатай гүйцэтгүүлэх нь төрийн болон иргэд, нийгмийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах хэрэгцээ, шаардлагыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Мөнхбаатар, Д.Ганболд, Б.Бат-Эрдэнэ нар тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хэлэлцэж буй хуулийн төсөлд тусгагдаагүй хэдий ч дотоодын цэргийг бүтээн байгуулалтад ашиглах нь тухайн салбарын бизнес орчныг муутгах, улмаар уналтад оруулах эрсдлийг тооцох нь зүйтэй хэмээн санал хэллээ. Мөн дотоодын цэргийг байгуулахтай холбоотой төсөв, зохион байгуулалтын талаар сонирхсон Улсын Их Хурлын гишүүдийн асуултад салбарын сайд хариулт өгсөн юм. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бүтцийг татан буулгах амархан байдаг ч дахин шинээр байгуулах, бүтээх нь тун амаргүй болохыг С.Бямбацогт сайд тэмдэглээд дотоодын цэргийг шинээр байгуулахтай холбоотойгоор нэн тэргүүнд нэг шинэ барилгын асуудал яригдаж байгаа, 1300 орчим ажилтан, албан хаагчийн цалин хөлс, хувцас хэрэгслийн зардал шаардагдаж байгааг хэллээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн яам батлагдсан төсөвтөө багтаан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байгаа гэв. Улс орны эдийн засгийн нөхцөлтэй холбоотойгоор 2017 оны төсөв хэмнэлтийн горимоор батлагдсан. Гэсэн хэдий ч  салбарын хэмжээнд сүүлийн жилүүдэд нормын хувцас, зөөлөн эдлэл тавигдаагүй байсныг, хил хамгаалах болон цагдаагийн байгууллагын албанаас сүүлийн хоёр жилийн хугацаанд тэтгэвэрт гарсан албан хаагчдын 36 сарын тэтгэмжийн асуудал хуримтлагдсан байсныг, хил хамгаалах байгууллагад ажилласан таван жил тутамдаа авдаг нэмэгдэл цалин, урамшууллыг сүүлийн гурван жил олгоогүй байсныг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудлыг тус тус шийдвэрлэсэн гэдгээ С.Бямбацогт сайд танилцууллаа.

Төрийн бодлого, шийдвэрийн уялдаа холбоо, эдийн засгийн тооцоолол зэргийг нягтлаагүйгээс ихээхэн хэмжээний зардал гарч, төсөвт өртөг нэмэгддэг байдлын нэг жишээ бол анх 10 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг. Засгийн газар, холбогдох байгууллагуудын удаа дараагийн шийдвэрээс үүдэн төсөвт өртөг нь нэмэгдсээр өнөөдөр 20 орчим тэрбум төгрөг болсон байгаа. Тиймээс Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа холбогдох тооцоо, судалгааг сайтар хийсний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болохыг С.Бямбацогт сайд тэмдэглэн хэлсэн юм. Мөн тэрээр, улс орны эдийн засаг хүнд байгаа ч хуулиар хүлээсэн тусгай чиг үүрэгтэй төрийн тусгай албан хаагчдын үйл ажиллагаагаа хэвийн явуулах, ажиллах нөхцөл бололцоог хангах тал дээр Улсын Их Хурлын гишүүд, Хууль зүйн байнгын хорооны гишүүд анхаарч, дэмжиж ажиллахыг хүслээ.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 100 хувийн саналаар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here