Нүүр хуудас Эдийн засаг Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг...

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

629
0

Дараа нь Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.

2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуульчилахаар зохицуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл тусгайлсан зохицуулалт бүхий хуулиудыг батлаагүйн улмаас цагдаагийн байгууллагын албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулагдаж биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой харилцаа нь Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Засгийн газрын гишүүний түвшинд баталсан эрх зүйн актаар зохицуулагдаж байгаа аж.

Иймд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, цагдаагийн алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, зөвхөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хүний эрх, эрх чөлөөнд халддаг байх болон хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй бусад хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор дээр дурдсан зохицуулалтуудыг нэмж тусган Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Тухайлбал:

  • Цагдаагийн байгууллагын удирдлага, бүтэц зохион байгуулалтын бүтцийг чиг үүрэгт нь нийцүүлэн нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчимд нийцүүлэн уян хатан тодорхойлох боломжийг бүрдүүлэх,
  • Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, түүнд тавигдах шаардлага, цалин хөлс, нийгэм, улс төр, эдийн засаг, хууль зүйн  баталгааг тодорхойлж, хуулиар хүлээсэн үүргээ саадгүй хэрэгжүүлэх баталгааг хангах,
  • Цагдаагийн алба хаагчийн өдөр тутам хэрэгжүүлдэг хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан албадлагын шинжтэй арга хэмжээг авах үндэслэл, журмыг тодорхойлох,
  • Тэдний албан үүрэгтээ хандах хандлагыг эерэгээр өөрчлөх зорилгоор цагдаагийг байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, албан хаагчийг дэвшүүлэн томилохдоо албан хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгох, албан тушаал эрхлэх шат дарааллыг баримтлах зарчмыг тусгах,
  • Цагдаагийн байгууллага, цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааны үед хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг бий болгож, зөвхөн тунхаглалын шинжтэй бус, хэм хэмжээ тогтоож үүрэг болгосон, түүнийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг байх,
  • Цагдаагийн алба хаагч өөрийн албан тушаал, хариуцсан нутаг дэвсгэр, чиг үүргээс үл хамааран хүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул учирсан тохиолдолд нэн даруй арга хэмжээ авах болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх

зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусгасан болохыг салбарын сайд танилцуулгадаа дурдав. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр нараас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд санал хэлсэн юм.

Өнөөдөр мөрдөгдөж буй хуульд цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн баталгаа, тэдний нийгмийн асуудлын талаарх зохицуулалт орхигдсон байдаг. Хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж буй төсөлд уг асуудлуудыг тусгасан бөгөөд төслийн 84-88 дугаар зүйлд алба хаагчийн баталгаа болон улс төр, хууль зүй, нийгэм, эдийн засгийн баталгаатай холбоотой зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн галт зэвсэг хэрэглэх, хүний биед үзлэг хийх, нэгжлэг хийх, саатуулах зэрэг ажиллагааг журмаар зохицуулж байсныг хуулиар зохицуулахаар тусгасан гэв. Цагдаагийн цолтой холбоотой зохицуулалтыг хуулийн төслийн 74 дүгээр зүйлд тусгасан бөгөөд өнөөдрийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд албан тушаалын цол гэдэг ойлголт бий ч цаашид албан хаагчийн мэргэжлийн болон хувийн ур чадварыг харгалзахаас гадна цаг хугацааны шаардлагыг хангасан тохиолдолд цолыг нь нэмэхээр тусгасан байна.

Цагдаагийн байгууллага бол төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг тусгай алба, орон нутаг дахь цагдаагийн байгууллагын удирдлагуудын томилогоо, нийгмийн хэв журмыг сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахдаа тухайн аймаг, сумдын удирдлагуудтай хамтран ажиллах талаарх зохицуулалтуудыг хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг анхаарч ажиллах нь зүйтэй, “олон нийтийн цагдаа”-гийн эрх хэмжээний талаарх зохицуулалтуудыг нягтлах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүд хэлж байв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 90.9 хувь нь дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here