Хүрээлэн буй орчноо хамгаалах, түүний дотор уул уурхайгаас болон нүүрсний хэрэглээнээс үүдсэн хор нөлөөллийг арилгах талаар дэвшилттэй санаачлага гаргахыг НҮБ-ын Хүний эрхийн Шинжээч Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд уриаллаа. Жон X.Нокс “Дэлхийн дулаарлаас шалтгаалж Монгол орны уур амьсгалын байдал бусад орнуудынхаас ч илүү эрс хурдацтай өөрчлөгдөж байна” хэмээн хүний эрх, хүрээлэн буй орчны асуудлаар анхааруулаад, хүнд хэцүү цаг уурын байдал болон уул уурхай, газар тариалангийн үйл ажиллагаанаас үүдсэн бэлчээрийн хомсдлоос болж дэлхийд алдартай нүүдлийн мал аж ахуйн уламжлалт соёлд аюул нүүрлэж байна гэлээ. Монголчууд байгаль орчноо хамгаалах талаар онцгой зүтгэл гаргаж байгааг тэрээр сайшааж, манай улс байгаль орчны талаар баримтлах стандарт, хамгаалалтын баталгааг тогтоосон байгаль орчны асуудлаар багц хууль тогтоомжтой болох ёстойг тэмдэглэлээ. Тэрээр цааш нь агаарын бохирдлыг арилгах, нөөцийг сайжруулах, байгаль орчинд хор хөнөөл учруулж болзошгүй шинээр төлөвлөж буй алтны томоохон төслөө нухацтай авч үзэж үнэлэн цэгнэх шаардлагатайг зөвлөлөө. Батлагдсан хууль тогтоомжоо чанд хэрэгжүүлэх, байгаль орчны талаарх мэдээлэл, гомдол хянан шийдвэрлэх асуудал хариуцсан Байгаль орчны Төлөөлөгчийг (Омбудперсон) томилж ажиллуулах шаардлагатай гэв. Нийслэл хотын агаарын бохирдол нь Монголд хүний эрх зөрчигдөхөд хүргэж буй нэгээхэн том шалтгаан болж байна. хэмээн Нокс дурьдлаа. Уул уурхайн үйл ажиллагаа нь ундны усны эх үүсвэр болох гол мөрнийг бохирдуулж, байгаль орчныг доройтуулах олон шалтгааныг бий болгож байна. Эдийн засагт ашигтай ч, байгаль орчинд хор хөнөөлтэй байж болзошгүй уул уурхай нь Монгол Улсын онцгой анхаарал хандуулах салбар” гэдгийн онцлов. “Уул уурхайн үйл ажиллагаанд баримтлах стандартууд нь уул уурхайн аюулгүй ажиллагааг хангасан, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор хөнөөлийг хамгийн доод хэмжээнд нь хүргэсэн, уул уурхайн үйл ажиллагаа дууссаны дараа тухайн газрыг анхны байдалд нь оруулж нөхөн сэргээсэн байхыг баталгаажуулах ёстой. Тэвчишгүй хор хохирлыг бүрэн арилгах буюу нөхөн төлсөн байх учиртай”. “Энэ бүхнийг зөв хийсэн тэр л тохиолдолд уул уурхайн үйл ажиллагаа нь улс орны хувьд төдийгүй хамаарал нөлөөнд нь шууд автаж буй тухайн орон нутгийн ард иргэдэд үр өгөөжөө өгөх болно” хэмээн тэрээр нэмж хэлэв. Түүнчлэн “Өргөн тархсан хууль бус олборлолтыг зогсоож, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг нухацтай хийх хэрэгтэй” хэмээн тусгай илтгэгч тэмдэглэв. “Нөлөөллийн үнэлгээг энд тэндээс нь алаг цоог хийж байгаа мэдээллийг надад өгсөн. Говьд явуулж буй уул уурхайн үйл ажиллагааны үнэлгээнд, жишээлбэл, Монгол орны хойд хэсэгт байдаг ойн санд үзүүлэх нөлөөллийг авч үзсэн байх жишээтэй. Уул уурхайн үйл ажиллагаа эхлэхээр ухагч бульдозерууд ирэх чухам тэр үед л орон нутгийнхан юу болох гэж байгааг мэддэг болохыг тэрээр ажиглажээ. Алт-2 нэртэй шинэ төслийг эхлүүлснээр Төв аймгийн Заамар сумын нутагт үлдсэн бэлчээр устаж, байгаль орчинд илүү их хохирол учруулж болзошгүй юм. Орон нутгийн иргэд энэхүү төслийг эсэргүүцэж байсан ч төсөл батлагдсан байна. “Энэ нь холбогдох хүний эрхийн хэм хэмжээтэй зөрчилдөж байна”. Хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд Засгийн газар нь Алт-2 төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн бүрэн хэмжээний нарийвчилсан үнэлгээг хийх хэрэгтэй. Мөн тэрээр “Монголын цоохор ирвэс хамгаалах сантай хамтран ажиллаж байсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлын агсныг нас барсан явдлын талаар эргэн дурсаж, Т.Лхагвасүмбэрэл агсны шарилыг Хөвсгөл нуураас 2015 оны 11-р сарын 11-нд олсон байдаг. Ихэнх ажиглагчдын гайхшралыг төрүүлсэн явдал бол түүний үхлийг цагдаагийнхан амиа хорлолт хэмээн тогтоосон явдал юм. Гэтэл өмнөх 2 жилийн хугацаанд Говь цөлийн Алтайн нурууны уулархаг нутаг дахь Тост уулаа тусгай хамгаалалтад авхуулахын төлөө түүний зүтгэлийн хариуд Сүмбээ дор хаяж гурван удаа халдлагад өртсөн байдаг. Энэхүү үйл явц нь дэлхийн өнцөг булан бүрт тохиолдцог байгаль орчны хамгаалагчдын аюул занал, хүчирхийллийн улмаас гардаг цаг бусын үхлийн шалтгаантай тун төстэй. Энэ залуугийн үхлийн талаарх албан ёсны тайлбарт олон хүн сэтгэл дундуур байгаа нь ойлгомжтой. Засгийн газар нь энэ хэргийн мөрдөн байцаалтыг дахин хийж, хамгаалалтын албаны бусад гишүүд нь болзошгүй эрсдлээс хамгаалагдсан байх ёстой” гэдгийг онцоллоо.