Нүүр хуудас Нийгэм Ерөнхийлөгч Х.Баттулга ангийн нөхдийн хамт сургуульдаа мод тарилаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга ангийн нөхдийн хамт сургуульдаа мод тарилаа.

128
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр мод тарих үндэсний өдрөөр өөрийн сурч төгссөн Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн орчинд мод тарилаа.  Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийнхөө төрөлх сургуулийг зорин ирж ийнхүү сурагч, багш нарыг нь мод тарих үйлд уриалж байгаад талархал илэрхийлээд сургуулийнхаа урд цэцэрлэгт талбайг арчлан тордож тарьсан мод бүрээ ургуулахын төлөө ажиллана хэмээн хэлсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга төрөлх сургуулийнхаа багш оюутнуудад сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсээд дэлхийн дулаарал, цөлжилтийг бууруулахын тулд хүн бүр мод тарих, тарьсан модоо арчилж ургуулахын ач холбогдлыг сануулан хэллээ. Мөн тэрээр хавар, намарт ийнхүү мод тарих өдөртэй болж, зохион байгуулалттайгаар мод тарьж эхэлснээс хойш 9 сая гаруй мод тарьснаас 6 сая гаруй нь ургасан тоо баримт байгааг дурдаад, тарьсан мод бүрээ ургуулахад анхаарах хэрэгтэйг сурагчдад дахин дахин сануулав.

Мод тарих үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, 34-р сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчид, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ангийн зарим нөхөд нь ирж оролцлоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бүх нийтээрээ 16 дах удаагаа мод тарих өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд БОАЖЯ-ны ажилчид Баянгол “Агропарк” ОНӨТҮГ-ын цэцэрлэгт хүрээлэнд 150 гаруй Улиас модыг тарьж суулгалаа. Ойн тухай хуулийн 31.1, 2010 оны 63 дугаар зарлиг, 2013 оны 178 дугаар зарлиг гарснаас хойш 15 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд үүнд нийт 1,4 сая иргэн, 52,8 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10,5 сая мод тарьж, ургуулж байна.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан БОАЖЯ-наас энэ сарын 13-14-ний өдрүүдэд мод тарих иргэддээ зориулан стандартын тарьц суулгац үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Үзэсгэлэнд давхардсан тоогоор 30 гаруй аж ахуйн нэгж оролцож 20 гаруй төрөл зүйлийн модлог ургамлын тарьц суулгацыг иргэдэд худалдаалжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here