Нүүр хуудас Нийгэм Жилд есөн сая толгой мал, мах экспортлох бүрэн боломжтой гэв

Жилд есөн сая толгой мал, мах экспортлох бүрэн боломжтой гэв

254
0
Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл маргааш хуралдаж, мах экспортод гаргах квотыг нэмэгдүүлэх талаар ярилцана. Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж байдаг ч байнгын үйл ажиллагаатай нь гарын арван хуруунд багтана гэдгийг ХХААХҮЯ хэлж байгаа юм. Эдгээр компаниас төлөөлөл болгож Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр үдээс өмнө “Мах маркет”, “Мах импекс” компанид ажиллалаа.

2016 оны тооллогоор мал сүрэг 61.5 сая толгойд хүрсэн. 27.8 сая хонь, 25.5 сая ямаа, 3.6 сая адуу, 4.0 сая үхэр, 400 мянган тэмээтэй. Дотоодын махны хэрэгцээ жилд 10-12 сая толгой мал, мах байна. Энэ хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй жилд есөн сая толгой мал, мах экспортлох бүрэн боломжтой.

Энэ оны 11 дүгээр сарын байдлаар нийт 21.5 мян.тн мах ОХУ, БНХАУ, ОХУ, Казахстан, Япон, Иран, Катар зэрэг улсад экспортлоод байна. Энэ тоог өнгөрсөн таван жилийнхтэй харьцуулахад махны экспорт тав дахин нэмэгдсэн байна. Мөнгөн дүнд шилжүүлэн үзвэл энэ онд 108 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүний экспорт хийгээд байна. Энэ дүн долоо дахин нэмэгдэх боломжтой гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс энэ онд тогтоосон 20 мян.тн адууны махны квотыг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд бүрэн олгосон, гүйцэтгэл нь 100 хувьтай байна. Адууны мах авах хүсэлт, захиалгаа ирүүлж буй улс орнууд ч байна. Иймд адууны мах бэлтгэхэд илүү анхаарч, экспортыг нэмэгдүүлэх нь зүйтэйг тэрээр тэмдэглэв. Мөн мал, махан бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол бодлого, ажлын нэг гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа.

Ерөнхий сайдын очсон хоёр компани үйлдвэрээ өргөтгөх, техникийн шинэчлэл хийж, ажлын байр болон бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Тухайлбал, “Махмаркет” компани 300 гаруй ажилтантай бөгөөд өргөтгөл, шинэчлэлээ хийж чадвал ажлын байр хоёр дахин нэмэгдэнэ гэж байна. Өргөтгөл, техникийн шинэчлэл хийхэд нь хөрөнгө оруулалт болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамруулж, анхаарч ажиллахыг Ерөнхий сайд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт үүрэг болголоо.

Монгол Улс ганц уул уурхайн салбарыг түшиглэж болохгүй гэдгийг мэдэрсэн. Иймд бид хөтөлгөө морьтой, эхний ээлжинд хос, дараа нь олон тулгуурт эдийн засагтай болох ёстой. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа, жижиг дунд үйлдвэрлээ хөгжүүлэх ёстой. Малаа өсгөж, дотоодын махны хэрэглээгээ хангахаас мал, махны нөөцдөө тулгуурлан экспортыг эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэж чадвал улс орны эдийн засаг тогтворжино. Үүнд үйлдвэрлэгч та бүхний оролцоо нэн чухал. Иймд Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хамтарч ажиллана гэдгийг  Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here