Нүүр хуудас Нийгэм ЗАВХАН: “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн ажлын талбай үерт автжээ

ЗАВХАН: “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн ажлын талбай үерт автжээ

104
0
bayn-airag-kompany
ЗАВХАН: “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн ажлын талбай үерт автжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерийн ус орж, 1693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж хуримтлагдсан.

Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадоржоор ахлуулсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчид газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж бөгөөд МХЕГ-аас мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж байна. Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог бөгөөд хуримтлагдсан үерийн усыг хөрсөнд шингээхгүй байх арга хэмжээ авч, насосоор соруулан бусад үүр руу шилжүүлэх ажил хийгдэж байна. Компанийн олборлолтын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түр зогсоож, ус хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 оны нэгдүгээр сард уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлсэн бөгөөд Тус зөвлөмжийн 9 дүгээр заалт “Хур тунадас ихтэй газрын уулын овоолгуудад зуны улиралд суулт гулсалт гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, болзошгүй үер, усны аюул бүхий уурхайд хаалт, хамгаалалтын арга хэмжээг урьдчилан хийж, үерийн уснаас хамгаалах суваг, далан хаалт байгуулах, үерийн урсгалыг уурхайд нэвтрүүлэхгүй арга хэмжээг авах,” тухай тодорхой заасан хэдий ч урьдчилсан байдлаар тус компани ТЭЗҮ-д тусгагдсан үерийн ус зайлуулах суваг шуудуу, даланг байгуулаагүйгээс тухайн нөхцөл үүссэн гэж үзэж байна.

Үүнээс гадна нуруулдан уусгах 2, 14, 15 дугаар үүрийн овоолгод хагарал үүсч нуралт, гулсалт болох эрсдэлтэй нөхцөл үүссэн байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид 2019 оны гуравдугаар сард хийсэн хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүдийг илрүүлж Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч “Баян Айраг Эксплорэйшн” компанийн зүгээс албан шаардлагын хариу ирүүлээгүй, үр дүнд хүрсэн ажил зохион байгуулж ажиллаагүй байна.

Үерийн улмаас байгаль орчинд учруулсан байж болзошгүй хохирлын хэмжээг тооцох, хөрсөнд алдагдсан байж болзошгүй химийн бодисыг саармагжуулах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Цианидын агуулахыг лацдаж, Зөрчлийн хуулийн дагуу аймгийн Прокурорын зөвшөөрлөөр Улсын байцаагчийн актаар зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах шаардлагатай байна.

МХЕГ-ын Хэвлэл мэдээллийн алба

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here