Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 265 авто машины зогсоол ашиглалтад орлоо. Аялал жуулчлалын зориулалтаар нийт 2.05 км урт, замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, нэг талдаа 2.25 метр өргөн явган хүний зам, дугуйн замтай, гэрэлтүүлэг, борооны усны шугамтай иж бүрэн замыг өргөтгөн шинэчилж, ашиглалтад оруулав.
Нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байдгаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг. Зориулалтын зам, тохижилт байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар аялах, ил задгай бие засах, хавар, намрын хуурайшилт ихтэй үед гал түймэр гарах, түймэр унтраах машин техник орж гарах орц, гарц хаагдах зэрэг хүндрэлүүд үүсдэг байв. 1975 онд ашиглалтад орсноосоо хойш засвар шинэчлэлт хийгдээгүй байсан тус замыг өргөтгөн шинэчлэснээр авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурч, иргэдийн ая тухтай амарч зугаалах нөхцөл бүрдэж, тухайн бүсийн иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчин сайжирч, тоосжилт буурахаас гадна зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юм. Тус бүтээн байгуулалтыг “Наран булаг Хан” ХХК гүйцэтгэжээ.