Замын цагдаагийн 10 алба хаагч МАГИСТРЫН ДИПЛОМОО гардлаа
Замын цагдаагийн алба, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургууль хамтран 2016 оноос хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр тус албаны 10 алба хаагч сургуулиа амжилттай төгсөж “Замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал” сэдвээр техникийн ухааны магистрын зэрэг хамгаалж, дипломоо гардан авлаа.
Төгсөлтийн арга хэмжээнд Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар нар оролцож сурч эзэмшсэн мэдлэг боловсролоо албандаа зориулж, өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлэхийг хүслээ.
Энэ үеэр тус албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж хэлэхдээ “Энэхүү хамтын ажиллагаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрөл бүрийн судалгаа явуулах, төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг боловсруулан хамтран ажиллах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэ санал санаачлагыг дэмжихэд чухал нөлөө үзүүлж байгаа” талаар онцоллоо.
Замын цагдаагийн 10 алба хаагч МАГИСТРЫН ДИПЛОМОО гардлааМөн тус албанаас сургалтын болзол шалгуурыг хангасан, ажилдаа идэвхи зүтгэл, амжилт гарган ажиллаж байгаа 7 алба хаагч Бакалаврын сургалтын хөтөлбөрт суралцуулж байна.
Цаашид орон нутгийн Замын цагдаагийн нэгжийн алба хаагчдаас сургах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.