МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү тушаал гаргаж, хүнсний аюулгүй байдлыг хангах, шинэ жилийн бэлэгний чанарт анхаарах арга хэмжээ авах үүрэг өгсөн. Энэ дагуу улсын хэмжээнд зохион байгуулсан “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аяны нэгдсэн дүн гарлаа. Дурдсан хугацаанд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 2325 аж ахуйн нэгж байгууллага, 2326 иргэн, нийт 4651 объект, 14 гүний терминаль, Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүд зэрэг боомтоор нэвтэрсэн импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулан хяналт шалгалт хийсэн байна.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд улсын байцаагчийн 643 заалттай 137 албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч давхардсан тоогоор 6975 зөрчил илрүүлж, 78.0 хувийг газар дээр нь арилгуулаа. Мөн 176 акт, 166 дүгнэлт үйлдэж, 1043 нэр төрлийн 28321.0 мянган төгрөгийн чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, 1315 нэрийн 23720.0 мянган төгрөгийн хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсийг устгуулахаар, зохих зөвшөөрөлгүй худалдаалсан хоёр нэрийн 403.0 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын орлого болгуулахаар Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, улсын орлого болгох, устгах захиргааны зөвлөлд шилжүүлсэн байна. Шошгын зөрчилтэй 593 нэрийн 18233.0 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг татан авахуулж, холбогдох хуулийг үндэслэн зөрчил гаргасан 200 байгууллага, албан тушаалтан, иргэнийг 33230.0 мянган төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулж ажилласан байна.
Хилийн Мэргэжлийн хяналтын алба, хэлтэс болон гүний хяналтад нийт давхардсан тоогоор 501 аж ахуйн нэгж байгууллагын импортолсон 78694.4 тн, 9125 кг импортын хүнсний их, дунд эрсдэлтэй бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийхэд илэрсэн зөрчилгүй, лабораторийн шинжилгээнд 64 аж ахуйн нэгжийн 138 нэрийн бүтээгдэхүүнийг хамруулан шаардлага хангасан тухай улсын байцаагчийн 52 дүгнэлт гаргав.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хугацаа хэтэрсэн болон чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил нийтлэг илэрлээ. Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй, дотоод хяналтыг хэрэгжүүлж ажилладаггүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг хянаж бүртгэл хөтөлдөггүй, гарал үүсэл, үйлдвэрлэсэн огноо, хэрэглэх хугацаа тодорхойгүй, баталгаажилтгүй хүнс худалдаалсан зэрэг зөрчил нийтлэг илрэв.
Улсын хэмжээнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний 42 нэр төрлийн 654 дээжийг давхардсан тоогоор 25 үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулахад 35 буюу 5.3 хувь нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй байна. Эдгээрийн 34 дээж нь нян судлалын шинжилгээгээр /кремт бүтээгдэхүүн, цэвэр ус, салат, шаржигнуур тахиа, лууван, сонгино/ гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, хөгц, мөөгөнцөр, ургамал хорио цээрийн шинжилгээгээр нэг дээжинд алимны улаан хачиг илэрсэн байна.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй 13 худалдаа, хоол үйлдвэрлэлийн ажлын байранд харьцангуй чийглэг, агаарын температурын хэмжилт хийж үзэхэд 30 үзүүлэлтээс 29 буюу 96.7 хувь нь стандартад нийцэж, нэг буюу 3.3 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна.
Хүүхдийн бэлэг боосон хоёр төрлийн хүнсний зориулалтын уутны чанар, аюулгүй байдлыг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд хамруулахад стандартын шаардлагыг хангажээ.
Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад 21 аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд болон цэцэрлэгүүдэд 173 удаа 11040 хүнийг хамруулсан сургалтыг, шошгын шаардлага хангаагүй, хуурамч, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүний үзэсгэлэнг 9214 хүнийг хамруулан тус тус зохион байгуулж, түргэн, гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүний сонголт, хэрэглээ, хадгалалтын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулсан “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын ажлын явцад хийгдсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үр дүнд хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархахаас урьдчилан сэргийлж ажилласан байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.