Нүүр хуудас Улс төр УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХИЙХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТЫН МЭДЭЭЛЛИЙН ТАЛААРХ...

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХИЙХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТЫН МЭДЭЭЛЛИЙН ТАЛААРХ УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН САНАЛ ДҮГНЭЛТ

194
0
Ардчилсан намын даргын сунгаанд
Ардчилсан намын даргын сунгаанд

УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ!

Засгийн газрын тэргүүний Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хийсэн мэдээллийг Та бид хамтдаа сонслоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанаар сонсохоос 7 хоногийн өмнө Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн гишүүдэд бичгээр ирүүлнэ” гэж заасныг биелүүлэхийг УИХ-ын дахь Ардчилсан намын бүлгээс удаа дараа шаардсан шаардлагыг хэрэгжүүлж мэдэлэлээ хугацаандаа ирүүлсэн явдалд талархаж байгаагаа илэрхийлж байна.

Хүнснийх хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж байгаа Засгийн газар байгуулагдаад өнөөдөр яг хагас жилийн нүүр үзлээ. Гэтэл УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амласан “Газар тариалан-Экологийн эрүүл хүнс” хэсэгтээ “Атрын аян”-ыг үргэлжлүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг дөрөв дахин нэмэгдүүлнэ, газар тариалангийн бүс тогтоож, тухайн бүсэд тариалан эрхлэлтийг эрчимжсэн мал аж ахуйтай зохистой хослуулан хөгжүүлнэ, хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрлийг нэмэгдүүлэн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, борлуулалтын нэгдсэн сүлжээ байгуулна, тахиа, гахай, зөгий, загасны аж ахуй зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлнэ, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулж нийслэл, хот суурин газрын хүн амыг эрүүл, аюулгүй, экологийн цэвэр, мах, сүүгээр хангана гэж заасан хүнсний хангамжтай холбоотой асуудлаар өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлсэн ажил, цаашид ч хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл хийнэ гэж та бүхнийг сонгосон сонгогчид болон бид итгэн хүлээж байлаа.

Гэтэл холбогдох төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд байршуулсан үйл ажиллагааны танилцуулга бүхий дутуу, хангалтгүй материалаар мэдээлэл хийж байгаад харамсаж байна.

Даяаршиж буй энэ цаг үед хүнсний аюулгүй байдал зөвхөн ганц улс орны асуудал биш олон улсын амин чухал бодлого, зорилго болоод байгаа. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүн бүр хоол хүнс . . . ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй“, “Эдийн засаг, соёлын эрхийн тухай Олон улсын пактад “хүн бүр . . . хоол хүнстэй байх эрхтэй“-г заасан байдаг. Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын нэг үзүүлэлт нь өөрийнхөө хүн амын хүнсний хэрэгцээг хангах чадавхи нь хангамжийн баталгаа болдог. НҮБ-ийн Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын зөвлөмжийн дагуу улс гүрний хүнсний хангамж, баталгааг үндсэн 2 үзүүлэлтээр үнэлдэг. Дараагийн ургац хүртэл хадгалах буудайн нөөцийн хэмжээ. Нэг хүнд ногдох үр тарианы үйлдвэрлэлтийн хэмжээ. Энэ үзүүлэлт хүн амын өсөлтийг даган нэмэгдэж байвал хүнсний хангамж баталгаатай гэж үздэг.

Монгол улс Хүнсний тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталж, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль,  Усны тухай зэрэг хуулиудыг 2012 онд боловсруулан баталж, 2012-2016 онуудад Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр, Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөр,  “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр, “Мах” хөтөлбөр, “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр зэрэг олон арван төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсний үр дүнд бид шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан.

Хүнсний салбарын эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд үр тарианы 96 сорт; төмсний 14 сорт; хүнсний ногооны 39 сорт; жимс жимсгэний 16 сорт гаргаж баталгаажуулсан ба 2012-2015 онуудад үр тарианы сортын 30 хувь, төмсний сорт 100 хувь, хүнсний ногооны сортын 60 хувь, жимс, жимсгэний сортын 70 хувийг Монголд тариаллаж чадсан.

Монгол банкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2012 оны А/166-А/24 дугаар тушаалаар батлагдсан “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж Улаанбаатар хотын жилийн нийт махны хэрэгцээний 15.4 хувийг 2013 онд нөөцийн махаар бүрдүүлсэн бол 2014, 2015 онд 16.2 хувийг бүрдүүлж байсан.

Засгийн газрын 2015 оны 492 дугаар тогтоолоор “Мах” хөтөлбөрийг баталсан бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 2016 оны 3-7 дугаар сарын хэрэгцээнд зориулан тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор нийт 5090 тн мах нөөцлөн хаврын улирлын хэрэгцээнд зориулан тогтоосон үнээр махыг худалдан борлуулсан, 2016 он гарсаар Монгол Улсын найман аж ахуйн нэгж 4050 тонн махыг урд, хойд хөрш рүү экспортолсон.

Засгийн газрын 2013 онд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж ажилласан. Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн мэдээгээр 2012-2015 онд үйлдвэрлэсэн нийт сүүний 57.6 хувийг үнээний сүү эзэлж байгаа бөгөөд 2012 онд 39.8 мянга, 2013 онд 43.6 мянга, 2014 онд 60.4 мянга, 2015 онд 72.0 мянган тонноор тус тус нэмэгдсэн.

Хүнсний хангамж, аюулгүй байдал гэдэг ойлголтод ундны усны асуудал хамгийн гол чухал, салгаж, “мартаж” болохгүй асуудал юм. Монгол Улсын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомжийн нэг гол эх сурвалж бол УИХ-аас 2012 онд баталсан “Усны тухай” хууль юм.

Гэтэл Ерөнхий сайдын мэдээлэлд хүн ам, айл өрхийг ундны цэвэр усаар хангахтай холбоотой, мөн олон жил болж ашиглалтын хугацаа дуусаж муудсан Улаанбаатар хотын цэвэр усны шугам сүлжээг шинэчилж, байшин хорооллын айл өрхийг зэв, бохирдолгүй ундны цэвэр усаар хангах, нийслэлийн иргэдийн ундны усны гол эх үүсвэрийн нөөц болсон Туул, Сэлбэ гол усны бохирдолтой тэмцэх болон Монгол Улсын Усны тухай хуулийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар огт тусгагдаагүй байна.

Ардын намын УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “гэр хорооллын айл өрхүүдэд ундны усны түгээлтийг ойртуулах үүднээс 500 метр тутамд худаг гаргана” гэж заасан. Уг заалтыг хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэх нь тодорхой бус байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүн хомсдож, үнэ нь огцом нэмэгдэж байгаагаас олон орон хүнсний баталгаат байдлынхаа бодлогод өөрчлөлт шинэчлэлт хийж, төрөөс хөдөө аж ахуйд хийх санхүүжилт, зохицуулалтаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Манай улс ч бий болсон гадаад, дотоод хүчин зүйлийг харгалзан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангадаг болох, эдийн засгийн тогтворгүй байдал, гамшгийн үед хэрэглэх хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, хүн амын хоол тэжээлийн дуталыг бууруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах зэрэг олон асуудал тулгамдаж байгаад анхаарал хандуулж ажиллаарай.

Түүнчлэн Ерөнхий сайдын хийх мэдээлэлд материал бэлтгэж байгаа холбогдох яам, хянаж байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар бодит байдал, үндэслэлээ нягталж, ядаж л тухайн бүрд хийсэн аудитын дүгнэлтүүдийг үзэж, түүнтэй нийцүүлж  байхыг УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс дахин дахин зөвлөж байна.

Малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид нийслэл хотын иргэдэд Монгол эх орныхоо газар шороонд ургасан  төмс, хүнсний ногоогоо худалдаалж,  хүнсний шинэ технологиудыг  таниулж, туршлага  судалж, иргэддээ экологийн  цэвэр хүнсээр хангах зорилго бүхий  “Намрын ногоон өдрүүд”, “Атарын III” аян, “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах”, “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” зэрэг нэгэнт хэрэгжиж үр дүнгээ өгсөн төсөл, хөтөлбөр арга хэмжээнүүдийг тасалдуулалгүй хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна.

Та бид өнгөрсөн хугацаанд амжилттай, ололттой хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг баллуурдахгүй хамтдаа хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

 

УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here