Нүүр хуудас Нийгэм Иргэд хашаандаа гүний худаг ухах зөвшөөрлийг цахимаар захиална

Иргэд хашаандаа гүний худаг ухах зөвшөөрлийг цахимаар захиална

681
0
Иргэд хашаандаа гүний худаг ухах зөвшөөрлийг цахимаар захиална

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэнгээс дараах мэдээллийг тодрууллаа.

-“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

dmabasuren
Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэн

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны таван байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулах ажлууд хийгдсэн. Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mn нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл бүрдэж байгаа мөн иргэд аж ахуй нэгжүүд өөрийн гаргасан үйлчилгээний хүсэлтийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих болон үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

-Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс eservice.ulaanbaatar.mn цахим системээр хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

Эхний ээлжинд байгаль орчны дүгнэлт гаргах, цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл авах хүсэлтүүдийг цахимжуулсан. Гүний худгийн компаниуд хууль зөрчих, тусгай зөвшөөрөл аваагүй байдлаас үүдэн иргэдийг хохироох асуудал удаа дараалан гардаг байсан. Еservice.ulaanbaatar.mn систем нэвтэрсэнтэй холбогдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, компаниудыг бүртгэх, тусгай зөвшөөрлийн хугацаа, бичиг баримтын бүрэн бүтэн байдал бүгд цахимд орсноор хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож байна. Мэдээж хамгийн гол нь иргэд чирэгдэлгүйгээр, албан тушаалтнаас хамааралгүйгээр шуурхай үйлчилгээ авах боломж бүрдсэн.

-Цахим системээр үйлчилгээ үзүүлэхийн давуу тал болон иргэдийн хандалт хэр байна вэ?

Систем нь бүрдэл материал дутуу, хууль бус хүсэлтийг хүлээн авах боломжгүй, иргэн, ААН төрийн үйлчилгээний холбогдох мэдээллийг цахимаар авах, төлбөрийг цахимаар төлөх боломжтой болсноор төрийн байгууллага дээр өөрийн биеэр очих шаардлагагүй, гэрээсээ төрийн үйлчилгээг авч байна. Энэ нь иргэдийн цаг хугацааг хэмнэсэн, мэдээ мэдээллээр бүрэн хангаж чадсан ажил болсон.

Цахим хэлбэрт шилжээгүй байхад газар эзэмших, ашиглах гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн хуулбар, ус цэгийн координат тодорхойлсон дүгнэлт үйлчилгээ хүссэн өргөдлийг өөрийн биеэр авч ирдэг байсан бол цахим системд нэвтэрснээр бичиг цаасны ажил эрс багассан.

Энэ програм нь өөрөө их хялбар, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан учраас иргэд маань өөрийн гаргасан үйлчилгээний хүсэлтийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой.

Улирлын чанартай үйлчилгээ учраас хандалтын хувьд өөр өөр. Өдөрт дунджаар 20-30 хүсэлт хүлээж авдаг.

-Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем ашиглан үйлчилгээний хүсэлт гаргагчаас зарим бичиг баримт шаардахгүй үйлчилж байгаа гэсэн энэ талаар?

НҮНТ-ийн Оргил, Мишээл, Дүнжингарав, Драгон салбаруудад үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч бүртгэдэг. Үйлчлүүлэгчийн мэдээллийг иргэний хурууны хээ болон үйлчилгээний ажилтны хурууны хээгээр давхар баталгаажуулан Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс шалган авч үйлчилгээний хүсэлтийг бүртгэдэг учир иргэний үнэмлэх шаардахгүй. Тухайн бүртгэсэн хүсэлт нь манай байгууллага болон ус цэгийн координат, тандан судалгаа явуулах аж ахуйн нэгжид нэг цаг мөчид илгээгдэн цахимаар ирдэг болсноор төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож байна.

-Цооног өрөмдөх худаг гаргах зөвшөөрөл авах үйлчилгээг цахимаар авах хүсэлтэй иргэд юуг анхаарах шаардлагатай вэ?

Eservice.ulaanbaatar.mn-д нэвтрэхдээ Үндэсний танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системээр нэвтэрч өөрийгөө цахим орчинд нотолсны дараа манай үйлчилгээг авах хүсэлтээ гаргаж болно. Хэрхэн нэвтрэх тухай видео гарын авлага үндсэн хуудаст байдаг. Цахим систем ашиглах боломжгүй иргэд маань үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандаад материалаа өгөөд хүсэлтээ гаргаж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here