Ирэх оны дөрөвдүгээр сараас НҮҮРС хэрэглэхгүй гэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон “Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” уулзалт /2018.02.06/ боллоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал”, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Гэр хорооллын дэд бүтцийн төвийн тухай”, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хог хаягдлын менежментийн төслийн тухай”, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Э.Анар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармагт байршуулах, хотын шинэ төв байгуулах тухай” гэсэн үндсэн дөрвөн илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалт, ярилцлагад оролцогчдод хандаж үг хэлэхдээ Улаанбаатар хотын захиргаа Засгийн газар хоёр нягт уялдаатай хамтарч ажиллах учиртай. Өнөөдөр хэлэлцүүлсэн эдгээр төсөл, хөтөлбөрийг ажил болгоход сэтгэл, эрч хүч, зохион байгуулалт хэрэгтэйг онцоллоо.
Улаанбаатарт хамгийн түрүүнд шийдвэрлэх, нэн тулгамдсан асуудал бол утаа, агаарын бохирдол. Энэ сэдвээр олон жил хоосон ярилаа гэж Ерөнхий сайд хэлээд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатарт ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, хуульчилж хориглоно. Айл өрхийг боловсруулсан түлшээр хангана. Бэлтгэл ажил эхэлсэн. Ингэж чадвал утаа, агаарын бохирдол 50 хувь багасна. Энэ ажлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Хотын дарга С.Батболд хоёр хариуцаж ажиллахыг үүрэг болголоо.
Цэвэрлэх байгууламжийн ажлыг энэ хавар эхлүүлнэ. Энэ асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд хариуцуулсан. Энэчлэн бүх ажил эзэнтэй байх ёстой гэлээ.
Уулзалт зохион байгуулсан хотын удирдлагад Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлээд Засгийн газар, хотын удирдлагууд улиралд нэг удаа ингэж уулзаж, ажлын явцаа ярилцаж, асуудлаа шийдэж байх нь зүйтэй гэж хэллээ.
тйим шүү