Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулган АНЭУ-ын Дубай хотноо дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Энэхүү хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Цагдаагийн ерөнхий газрын болон Интерполын төв товчооны дарга цагдаагийн хурандаа С.Баатаржав Интерполын шинэ Ерөнхийлөгч Ким Жонг Янгтай уулзаж,
Монгол Улсын цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэн, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм.
Интерполын гүйцэтгэх хороонд Ази тивийг төлөөлсөн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Жонг Янг Интерполын Ерөнхийлөгчөөр сонголоо.
Шинээр томилогдсон Ерөнхийлөгч өмнөх Ерөнхийлөгч БНХАУ-ын НАХЯамны дэд сайд Мэнг Хонг Вэйгийн эдлээгүй үлдсэн бүрэн эрхийн хоёр жилийн хугацаанд ажиллах юм.