Нүүр хуудас Нийгэм Монголд анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” болно.

Монголд анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” болно.

208
0

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-ийг 9 сарын 15-ны 08:00 цагт Хүүхдийн ордны их танхимд зохион байгуулахаар болжээ.

Тус зөвлөгөөнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага, Гэр бүлийн хөгжил, боловсролыг дэмжих сан төрийн бус байгууллага зэрэг салбар бүрийн холбогдох мэргэжилтэн оролцох юм байна.

Зөвлөгөөн салбар хуралдаанаар үргэлжилж “Сургуулийн өмнөх нас, сургуулийн бага нас ба эцэг эхийн хариуцлага”, “Сургуулийн дунд нас ба эцэг, эхийн хариуцлага”, “Сургуулийн ахлах нас ба эцэг, эхийн хариуцлага”  зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Манай улсад сүүлийн үед тулгамдаж байгаа асуудлын нэг бол хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжлийн асуудал.

Ялангуяа өсвөр насны хүүхэдтэй холбоотой “Өсвөр насны хүүхэд амиа хорложээ”, “Хар тамхи татжээ”, “Хулгай, дээрэм бүлэглэн үйлджээ” гэх зэрэг сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл олон гарах болсон.  Энэ мэт үзэгдлүүд төр, эцэг, эхчүүд өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэхийг хамтдаа ярилцаж, шийдэх цаг аль хэдийн болсон гэдгийг илтгэж байгаа юм.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжлийн тулгуур багана болсон гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, үнэ цэнийг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг дээдэлж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэлтүүдийг хийж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү зөвлөгөөн нь монгол хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг, эхчүүдийн үлгэр дуурайлал, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагын чухал болохыг тодорхойлж, элгэмсэг монгол гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалан, гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Мөн нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 500 эцэг, эх оролцох тус зөвлөгөөн “Монгол хүүхдийн төлөвшлийн өнөөгийн байдал”, “Эцэг эхийн боловсрол-Төрийн бодлого” гэсэн сэдвийн хүрээнд явагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here