Сэлэнгэ, Дархан-Уул аймагт дулаан байраа хүлээсэн хөгшчүүд цөхрөнгөө барж, төрийн сүлдэндээ залбирч сууна. Учир нь “Сөгнөгөр хайрхан” компани 2013 онд Монголд анх удаа “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байдаг.Тус компани өөрийн хөрөнгө дээрээ урьдчилгаа төлбөр болгож нэг ахмадаас 3-4 сая төгрөг, нийт 85 хүнээс 360 гаруй сая төгрөг авч, уг санхүүжилтийг барилгын 30 хувийн гүйцэтгэлд зарцуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл ахмадын орон сууц баригдаж дууссангүй, санхүүжилтгүйн улмаас ажил нь гацсан байна.
Тохилог сууцанд захиалга өгсөн зургаан ахмад дулаахан байрандаа орж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Барилгын ажил эхэлж байх үед нутгийн түшээ Д.Хаянхярваа “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл рүү чиглэсэн сайхан ажил байна. Эцсийг нь үзтэл дэмжинэ, хамтарна” хэмээн иргэдийн өмнө амалж байжээ. Гэтэл барилга царцаж, ажил удааширч эхлэнгүүт гишүүд өөрсдөөсөө холдуулж, зугтааж эхэлсэн гэдгийг “Сөгнөгөр хайрхан” компанийн захирал Т.Энхболд хэлж байлаа.
Барилгын ажлаа цааш үргэлжлүүлэхийн тулд “Сөгнөгөр хайрхан” компанийн удирдлагууд Бүгд найрамдах Унгар улсын “Экзим” банкинд хандахад 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн хариу ирүүлж, урьдчилсан байдлаар гэрээ байгуулжээ. Мөн Худалдаа хөгжлийн банк баталгаа гаргаж өгөхөө мэдэгдсэн байна. Эдүгээ аль аль нь зөвхөн Засгийн газрын батлан даалт шаардаж байгаа аж. Т.Энхболд Засгийн газраас батлан даалт гаргуулахын тулд сүүлийн гурван жилд очоогүй яам, тамгын газар, уулзаагүй сайд, дарга байхгүй гэв. Тиймээс энэ асуудлаа төр засгийн удирдлагуудын сонорт хүргэхийн тулд маргаашаас эхлэн Ялалтын талбайд дөнгөтэй суултыг нэг сарын турш хийх юм. Уг нь даваа гаригт эхлэхээр төлөвлөсөн суулт Дархан, Эрдэнэт чиглэлийн замыг хаасан учраас хойшилжээ. Бид түүнтэй утсаар холбогдож тодруулга авлаа.
-Та өнгөрсөн жил аймагтаа суулт хийж байсан. Үр дүн гарсангүй бололтой?
-Би аймагтаа таван сар суулт хийсэн. 2016 оны нэгдүгээр сарын 9-нөөс долдугаар сарын 1 хүртэл суулт хийлээ. Аймагтаа суулт хийгээд олигтой дүр дүнд хүрсэнгүй. Одоо Улаанбаатар хотод лхагва гаригаас (2017.10.11) эхлэн нэг сарын хугацаатай дөнгөтэй суулт хийх гэж байна.
-Өдөрт хэдэн цаг дөнгөтэй суух вэ?
–Өдөрт найман цагийн үйл ажиллагаатай, Ялалтын талбай дээр байрлах юм. Өглөө 09:00-12:00 цаг хүртэл хүзүүндээ дөнгөтэй сууна. 12:00-13:00 цагийн хооронд цайны цаг. 13:00-17:00 цаг хүртэл “хонгор азарга” буюу дөрвөн мөчөө дөнгөлж сууна. Лхагва гаригт суулт эхлэхдээ 11:40-12:00 цаг хүртэл 10 минут нүцгэн зогсох юм.
-Унгар улсын “Экзим” банкнаас гадна өөр газруудаас зээл хүсэж байгаа юу?
-Энэ барилга царцаад 5-6 жил болж байна. Дархан-Уул аймгийн Голомт, Худалдаа хөгжил, Хаан банкууд батлан даачих том компани олоод ирвэл таны асуудлыг шийдэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн.
-5-6 жилийн хугацаанд энэ асуудал үргэлжилж буй учраас танд болон захиалга өгсөн иргэдэд маш их хохирол учирсан болов уу?
–Бие, сэтгэл, бүх зүйлээрээ л хохирч байна. Захиалга өгсөн хэдэн ахмадууд маань ч гэсэн сэтгэл санаагаар унаад хэцүү байлгүй яах вэ дээ. Саяхнаас ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдээс тусламж хүссэн захидал явуулсан. Одоогоор хариу ирээгүй л байна.
-Гадаа хүйтэрчихлээ. Эрүү шүүлтээр өөрийгөө ингэж зовоох хэрэг байна уу?
–Яах вэ дээ, би Монголд өмнө нь байгаагүй зүйлээр өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ.