Нүүр хуудас Нийгэм Монголчуудын хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх ёс заншил гаднын хүний нүдээр

Монголчуудын хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх ёс заншил гаднын хүний нүдээр

372
0

Монголчууд үр хүүхэддээ хайр энхрийлэл, анхаарал халамжаар дүүрэн хандана. Хүүхдийг тэд бурханы хишиг соёрхол гэж үзэх бөгөөд хүүхэд шинээр төрөх бүрий нь айл гэрийн баяр баясгалан гэж үзэхээс гадна чухамдаа хүү, охин хоёрын хэн нь төрөх нь ямар ч ялгаагүй байдаг байна.

Хүүхэдгүй эхнэр, нөхрүүд лам хуврагт хандаж тус болохыг гуйна. Хүүхэд гардаггүй айл ядууст хандан маш их мөнгө (нэг хүүхдэд мянга хүртэл рубль) өгөн хүүхдийг үрчилж авдаг байжээ. Хүүхэд хулгайлах явдал Өргөөд олонтоо гардаг юмсанж. Тэгэхдээ, Европоос ялгаатай нь гэвэл, энд хулгайлагдсан хүүхдэд ямар ч аюул занал үл тохиолдоно.

Үр хүүхэдгүй, ихэвчлэн хөрөнгө чинээтэй улс тэднийг нутаг ус руугаа авч одон өв залгамжлагчаа болгодог байна. Хүүхэд гаргадаггүй эхнэртэй бол гэр бүлээ цуцлах гарцаагүй хүндтэй шалтгаан мөн гэж хуулиар хүлээн зөвшөөрнө. Хэрэв тухайн айлын хүүхэд тогтдоггүй бол маш өвөрмөц аргаар тэмцэж энэ гайг зайлуулна. Дөрвөдүүд гэхэд л айлын сая төрсөн хүүхдийг хулгайлан авчирч гурав хоногийн турш дээрээс нь тогоо хөмөрч байлгах ба зөвхөн хооллохдоо л гаргаж авна, чингэхдээ хулгайлсан хүмүүс өвсөөр чихмэл хүүхэд хийж эцэг эхийн нь гадаа орхиход цаадуул нь түүнийг хүүхдийнхээ цогцос мэтээр хүлээж авч байгаа дүр үзүүлэн гашуудаж буй дүр үзүүлээд хээр аваачиж оршуулна. Энэ нь “чөтгөрийг хуурч, өөр газар луу явуулахын тулд болой”.

Халхууд арай өөр заншилтай. Хүүхдүүдийнхээ амь насыг хамгаалахын тулд эцэг эх нь бусдад өгч өсгүүлэх явдал олонтоо, бас мөн ийм зорилгоор хүүхдэд орос нэр өгөх юм уу, охидод эхнэр хүний хувцас өмсгөх гэх мэтээр эрлэгийн элчийг хуурч, аюулыг үр удмаасаа зайлуулах дом хийнэ.

Үр хүүхдээ цөөрүүлэх бус, харин аль болохуйц олшруулах гэж тэд эрмэлзэж байгаа нь газар сайгүй ажиглагдана. Чухам иймээс монголчууд төрөлтийг зориудаар бууруулах гэж оролддог гэж английн аялагч Д.Каррутерсийн хэлсэн үг бодит байдалтай огт нийцэхгүй гэж би зоригтойёо батлах байна.

Хүүхдээ маш бүдүүн бараг бөгөөд энгийн аргаар хүмүүжүүлж бойжуулна. Төрсний нь дараах хоёр хоногт түүнд хонины сүүл хөхүүлэх бөгөөд гурав дахь өдрөөс нь эхлэн эхийн нь хөхөөр хооллоно.

Маш удаан хугацаанд, 2-3 заримдаа бүр 4 нас хүртэл хүүхдээ хөхүүлдэг боловч 3-4 сартайгаас нь хоол өгч эхэлнэ. Хүүхдийг малын сүүнд дасгаж, аманд нь мах, сүүл хийж хөхүүлэх агаад 7-8 сартайгаас нь хоолонд нь хуурсан гурил холино. Зуны цагт тараг мэтийн цагаан идээ өгнө.

Ерөөсөө хүүхдэд нэг настайгаас нь сүү, цагаан идээ сайн өгвөл нэн тустай гэж монголчууд үзэх бөгөөд 1,5-2 ойтойгоос нь тэднийг бусдын адил бор хоолоор хооллон өвөрмөц амьдрал ахуйдаа дасгаж эхэлнэ.

Хүүхдийг төрөөд гурав хонож байхад нь нэр өгөх ба ямарваа онцгой ёслолгүйгээр ламын зөвлөсөн нэрийг өгнө. Мөн энэ өдөр хүүхдийг анх угаана. Халхууд хонины бүлээн шөлөөр угаадаг бол дөрвөдүүд буцалсан усаар юмуу, шөлөөр угаана.

Халхуудын хувьд энэ нь түүнийг угааж буй цорын ганц тохиолдол байдаг бол дөрвөдүүд хүүхдээ 2-3 нас хүртэл нь угаагаад больдог байна. Хүүхдийн нэр маш олон янз. Буддын шашны холбогдолтой янз бүрийн тахил, шүтээнүүд монголчуудад байсан хэдий ч амьдралд тэдгээрийг нэг их хэрэгсэхгүй. Эцэг, эх нь хүссэн нэрээ л хүүхэддээ өгнө. Чулуу, ургамал, амьтан, аж ахуйн ямар нэгэн эд зүйлийн нэр өгөх нь олонтоо. Зарим газар орос нэр, ялангуяа Николай, Иван гэдэг нэрийг өгөх явдал дэлгэрээд байв.

Орчлонгийн бүх хүүхдийн нэгэн адил монгол хүүхдүүд тоглох дуртай. Тоглоомын агуулга нь орчин тойрныхоо амьдралаас үүдэлтэй байлаа.

Хүүхдүүд морь, тэмээ болон тоглож алсын замд аян жин тээхээр гарч, гэр барьж, эмнэг хангалыг уургалж буй дүр үзүүлнэ. Монгол хүүхдүүдийн наадгай хүртэл ахуй амьдралаа илэрхийлж, гол төлөв модоор адуу, хонь, тэмээ, хуц, нохой, домбо, тогоо дүрслэн сийлнэ.

Гурав орчим настайд нь хүүхдийн сэвлэг үргээж анх удаа үсийг нь авах бөгөөд энэ нь монгол хүний амьдралд чухал үйл явдалд тооцогдоно. Лам хуврагууд ном судраа харан энэ үйл явдалд тохирох өдөр судрыг үзэж товлох ба эцэг эх нь хонины мах чанаж, айраг, архи, бусад идээ будаа бэлтгэн зочид урина.

Ирсэн зочид ээлж дараагаар хүүхдийн үсэнд хүрэхийн хамт хурга, тугал, хонь гэх мэтийг бэлэглэнэ. Шөнө дүл хүртэл найрлаад цөм тарж одоход ламын заасан тусгай хүн хүүхдийн үсийг бүрмөсөн хусаж, дараа нь шинээр үс гэзэг ургуулна.

Барагцаалбал, энэ үеэс эхлэн хүүхдийг аж ахуйн ажилд сургана. Охид, хөвгүүд адилхан ажилд суралцана. Эхлээд хурга, тугал хариулахаас эхлэн мал маллаж сурна.

Хуруун чинээхэн монгол хүү хоёр гараараа хурга, ишигний хүзүүнээс зуурчихсан услах санаатай байдаг чадлаараа чангааж байхыг би нэг бус удаа харж байсан билээ. Зургаа, долоон настайгаасаа морь унаж суран том малд явж адуу, үхэр, тэмээгээ хариулна.

Хүүхэд үүний зэрэгцээ гэр ахуйн ажилд ч суралцаж, ойгоос түлээ түүж, аргал хоргол авчран, галаа түлж чаддаг болно. Хөвгүүд, охидын цаашдын хүмүүжил ч ялгаагүй, хөвгүүд нь хазаар, ногт хийж, эмээлээ засаж сэлбэн, эмнэг морьдоо сургаж, жин хөсөг тэмээгээр тээж сурдаг бол охид хувцас оёж, хоол хийж, цагаан идээ бэлтгэж чаддаг болно.

Монголчуудын мэдлэг боловсрол олж авах ажил ингэсхийгээд дуусах ба 15-16 насандаа сурах ёстойгоо нэгэнт сурчихсан байдаг. Ихэнх монголчууд хүүхдүүдээ уншиж, бичиж сургадаггүй учир бүхэл бүтэн хошууны хэмжээнд бичиг мэддэг хэдхэн хүн байх нь олонтоо.

Гэхдээ л эрчүүдийн дунд бичиг үсэг гадарладаг ганц нэг хүн тааралддаг бол эмэгтэйчүүдийн дунд тийм хүн хайгаад ч олдохгүй. Ерөөсөө эмэгтэй хүн бичиг үсэг сурах ёсгүй байсан аж.

Нэгэнтээ намайг Улиастайд явж байхад уншиж, бичихийг эр нөхрөөсөө сурсан нэг настай авгайг надад ертөнцийн найм дахь гайхамшиг хэмээн зааж өгөхийн ялдамд Ар Халхад өөр ийм эмэгтэй ганц ч олдохгүй хэмээн ам шүүрс алдаж байсан билээ. Энэ нь арай хэтрүүлсэн хэрэг байж болох боловч ийм бодол байна гэдэг үлэмж сонирхолтой аж!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here