Нүүр хуудас Нийгэм Монголчууд гадаад хэлийг хялбархан сурдаг хэрнээ эх хэлнийхээ шалгалтанд муу дүн авч...

Монголчууд гадаад хэлийг хялбархан сурдаг хэрнээ эх хэлнийхээ шалгалтанд муу дүн авч байна.

440
0

Тэртээ 13-р зуунаас шатлан хөгжсөөр 20-р зуунд “Орчин цагийн монгол хэл” үүссэн гэж үздэг. Монгол үндэстний эх хэл монгол хэл билээ. Биднийг том, багагүй хэтэрхий улс төржиж, уушги зүрхээ савсалзуулж, нэгнээ үгүйсгэн, хөл толгойгоо олохгүй “тэмцэлдэх” хойгуур “аялгуу сайхан” хэмээн магтан дуулдаг монгол хэлэнд маань устах бодит аюул хэдийнэ нүүрлэжээ. Хүн эх хэлээрээ алдаагүй бичиж, цэгцтэй ярьж, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг байх ёстой. Монгол хүүхдүүд монгол хэл бичгийн шалгалтад муу дүн авч байна гэдэг халаглам, гаслам биш гэж үү? Элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэлний шалгалтад нийт 17779 хүүхэд оролцсоноос 6238 нь шалгалтад тэнцэж, 11541 нь унасан  байна.Үүнийг аймаг хотуудаар нь үзүүлбэл:

Улаанбаатар хотын хэмжээнд 6911 сурагч монгол хэлний шалгалтаа 100 хувь өгснөөс хоёр сурагч л боломжит 800 оноо авсан бол 938 сурагч 400 онооноос бага буюу F үнэлгээ авчээ.

Орон нутагт 800 оноог 100 хувь авсан 27 сурагч байна. Тодруулбал, Увс аймагт 5, Хөвсгөл 4, Дорнод, Хэнтий, Говь-Алтай 3, Завхан 2 сурагч 800 оноо авчээ. Харин Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Төв, Ховд аймгуудад монгол хэлний 100 хувийн шалгалтаас 800 оноо авсан сурагч гараагүй байна. Энэ бүхнээс Монгол улсын боловсролын салбарын сургалтын чанар, сурагчдын мэдлэг боловсрол ямар түвшинд байгааг түвэггүйхэн мэдэж болох юм.

Монголчууд бид эх хэлээ хайрлая, хамгаалъя хэмээн ярьсаар олон ч жилийн нүүр үзжээ. Хэл соёлоо гээж, үүх түүхээ мартсан ард түмэн мөхөж сөнөхдөө хамгийн  амархан байдаг гэдэг.

Арван үгтэй өгүүлбэрт үг үсгийн найм, есөн алдаа гаргах “асуудал” биш болсныг харах хичнээн гунигтай вэ. Нар хэмээх үгэнд 61-ийн “ы” орох уу, эм үгийн “ий” орох уу гэж асуух нь жирийн л үзэгдэл болж.

Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийн 90 хувь нь монгол хэл ойлгодоггүй, уншиж бичиж чаддаггүй гээд тоочвол эх хэлний боловсрол улам нимгэрч буйг харж болох олон жишээ бий.

Зарим хүүхдүүд “Бид  дүрэмд захирагдахаа больсоон” хэмээн гайхуулж байна. Нөгөөтэйгүүр монгол хэл бичгийн дүрмийг хэн дуртай нь өөрчилдөг болсон нь монгол хэлийг монгол хэл биш болгож байгаа гэдэгтэй олон хүн санал нийлдэг.

Сургалтын чанар, сурагчдын мэдлэг боловсролыг багштай шууд холбон авч үзэх нь зүйн хэрэг. Гэвч дан ганц багш, сурагчдыг буруутгахаас илүүтэй эцэг эхчүүд ч хариуцлагатай хандаж, эх хэлээ бүрэн бүтэн аварч үлдэх гарцыг хамтдаа олох хэрэгтэй юм. Монгол Улсад үгсийн сангийн бүрэлдэхүүн ихээхэн эрлийзжиж, уугуул монгол хэлнийхээ чанарыг алдан, олон зуун жил харь хэлний хүрээлэлд байж салангид монгол хэл болсон могол, монгор, дунсян, баоань хэлтний хувь заяа руу аажимдаа дөтөлсөөр байна” гэсэн дүгнэлтийг Хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн мэргэд хийгээд байгаа билээ.

Монгол хэл бичигт үгийн утгыг бүрэн илэрхийлэхэд шаардлагатай бүх авиа болон үсэг байдаг учир монголчууд гадаад хэлийг хялбархан сурдаг гэдэг. Гэвч эх хэлээ мэдэхгүй ирээдүй хойч минь өдрөөс өдөрт даяарчлагдаж буй энэ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадах эсэх нь улам эргэлзээтэй болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here