Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ,
“Бид хоёр өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийж байна. Бөхийн холбооны маргаан 15 жил үргэлжиллээ. Монголын үндэсний бөхийн холбоо ээлжит “Их эе” хурлыг 2018 оны гуравдугаар сарын 24-нд хуралдуулж, намайг МҮБХ-ны ерөнхийлөгчөөр сонгож хариуцлагатай хүнд “ачаа” үүрүүлсэн. Шинэ бүтцээр байгуулагдсан дэд тэргүүн Магалжав, Сайнбаяр, Доржсамбуу, Рагчаа бид эв зүйгээ олох байр суурьтайгаар явсан. Одоогийн байдлаар бөхийн өргөө хаалттай хэвээр байгаа. Маргалдаад байгаа нөхдүүд олон нийтийн өмч хөрөнгийг эвдэж сүйтгэхгүй гэсэн бичиг гаргаж өгвөл цагдаагийн байгууллагаас хамгаалалтаа буулгах шаардлага тавьсан.
Тиймээс ахмад бөхчүүд болоод Монгол бөхийн хамгийн дээд амжилтыг үзүүлсэн хүмүүсийн хувьд бид хоёр гурван ч удаа уулзлаа. МҮОНТ-ээр халз ярилцлага ч хийсэн. Улмаар бөхийн үйл амьдралд тулгамдсан байдлаас гарахын тулд нэг алхам хийхийг зорьж бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөл 6-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан” гэлээ. Мөн тэрбээр, “Бидний гол зорилго бөхийн өргөөний үйл ажиллагааг гацаанаас гаргах явдал юм. Монголын ард түмнээ чилээсэн энэ асуудалд бид уучлал хүсэж байна. Мөн Баянаа аваргынхаа сэтгэлд хүрээгүй асуудал байгаа бол өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө албан ёсоор уучлал хүсэж байна. Би Баянмөнх аваргын урдаас эсэргүүцсэн үг хэлж байгаагүй. Бид хоёрт санал зөрөлдөх зүйл байхгүй. Бөхийн өргөөг нээж, барилдаануудыг тогтмол зохион байгуулна. Ордон, өргөө байхгүй болохоор үнэхээр хүнд байдаг юм байна” хэмээсэн юм.
Дархан аварга Х.Баянмөнх хэлэхдээ,
Б.Бат-Эрдэнэ аваргадаа баярлалаа. Үйл явцуудыг үнэн зөвөөр нь ярилаа. 16 жил шүүхдээд хэрэгжээгүй, үргэлжилж байна. Бид хоёр бөхийн холбооны маргаанаас гадуур бурхнаас заяасан үүргийн дагуу бөхийн будлиантай асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна. Бид бөхийн холбооноос хамааралгүйгээр зэрэг зиндаагаараа бөхийн үйл хэргийг зохицуулах үүрэгтэй. Бөхчүүд зодог шуудгаа цүнхэлчихсэн, барилдах газаргүй, үзэгчид үзэх барилдаангүй ийм нөхцөл байдал үүсээд байна. Бид хоёр шүүхээр явж байгаа асуудал дээр хоёр өөр байр суурьтай байгаа ч бөхийн үйл хэрэг, Монгол бөхийн жудаг ёсыг сэргээх дээр нэгдсэн байр суурьтай байна. Бид цэвэр Монгол бөхийн төлөө явна.
Бидний бөхчүүдийн хамтарч байгуулсан түр зөвлөл Бөхийн өргөөг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ.
Аль ч холбооны талд шүүхийн шийдвэр гарсан бай тэр холбооныхон бид хоёртой зохицох ёстой. Дахин Бөхийн өргөөний хаалгыг түгжиж маргаан дэгдээхгүй. Бөхийн өргөөнд хоёр ижил өрөө тохижуулаад хоёр холбооны удирдлагуудыг хамтад нь ажиллуулна. Бидний хооронд муудалцаж байсан үе байхгүй. Үзэл бодлын зөрүү байсан. Хоёр холбооны будлиан дунд нэг нэгэндээ хатуу үг ганц нэг хэлж байснаас өөрөөр муудалцсан зүйл байхгүй. Холбооны маргааныг шүүх эцэслэнэ. Бид хоёр өргөөгөө нээж, бөхийн барилдаанаа явуулах, бөхчүүдийн сахилга дэг журмыг сахиулахын төлөө л ажиллана” гэв.
Мөн тэд хэлэхдээ “өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ. Бөхийн амьдралыг туулсан, үзсэн бид хоёр Монгол бөхийн хөгжлийн төлөө ажиллана. Шүүх хурлын шийдвэр аль холбооны талд гарсан ч, бид цэвэр бөхийн төлөө ажиллана” гэсэн юм.