Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан “S” буюу суралцах зорилгоор Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Р. Билгүүн зөвлөж байна. Монгол Улсад визийн 11 ангилал байдаг. Үүнд: Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцах, мэргэжил дээшлүүлэх болон дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор ирэх гадаадын иргэдэд олгодог энгийн зэргийн S ангиллын виз бий. Уг визийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) , Гадаадын иргэн, харьяатын газрын (ГИХГ)–ын холбогдох дүрэм журамд нийцүүлэн, түүнд захирагдан олгодог. Гадаадын иргэн Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд: Засгийн газрын 2010 оны 12 -р сарын 22-ны өдрийн 338 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу зохих ангиллын визийн зөвшөөрөл авдаг. Манай байгууллага Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ судалгаа хийх зорилгоор Монгол Улсад ирсэн гадаадын иргэнд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БСШУСЯ) болон тэдгээрийн эрх олгосон байгууллагын хүсэлтийг үндэслэн виз, визийн зөвшөөрөл олгодог. Визийн зөвшөөрөл хүсэгчийн паспорт, түүнийг орлох баримт бичгийн хүчинтэй хугацаа 1 жилээс доошгүй байх ёстой. Визийн зөвшөөрөл хүсэхэд : БСШУСЯ-ны урихыг зөвшөөрсөн албан бичиг, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий сургуулийн визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг, сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт, паспортын хуулбар, хүсэлт гаргаж буй сургуулийн ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх байх ёстой. Эдгээр бичиг баримтыг дутуу, эсвэл хууль бусаар бүрдүүлсэн бол виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно. Гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалздаг цөөн хэдэн тохиолдлууд : виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 3 сарын хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж захиргааны шийтгэл хүлээсэн гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохгүй. Мөн виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 1 жилийн хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан уригчид виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалздаг. Үүнээс гадна дээр дурьдсанчлан хуурамч бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлсэн, худал мэдүүлэг өгсөн бол виз олгохоос татгалзана. Манайх виз зөвшөөрлийн мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан гүйцэтгэж хариуг мессэжээр мэдээлдэг. Мөн 7585-1882 утаснаас 14:00-16:00 цагийн хооронд лавлах боломжтой. Визийн зөвшөөрөл олгогдсон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй байна. S ангиллаар оршин суух гадаадын иргэн тухайн визийн зөвшөөрлийн дагуу Монгол Улсад нэвтэрнэ. Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлж, календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авах ёстой. Одоогийн байдлаар Монгол Улсад суралцахаар оршин суух зөвшөөрөл авсан 1400 орчим гадаадын иргэн байна. Манай байгууллагаас оршин суух зөвшөөрлийг 2 жил хүртэл хугацаагаар олгох боломжтой бөгөөд сунгах эсэх асуудлыг мөн шийдвэрлэнэ.
Суралцахаар ирж буй оюутан суралцагсад гэр бүлийн гишүүндээ оршин суух зөвшөөрөлийн хүсэлт гаргах боломжгүй. Харин мэргэжил дээшлүүлэх буюу магистр, доктурантад сурч байгаа гадаадын иргэн Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авснаас хойш 6 сарын дараа гэр бүлийн гишүүнээ урих эрхтэй байдаг.