Утааны эсрэг ээж аавуудын жагсаал хоёр ч удаа Сүхбаатарын талбайд болж, цөөнгүй эцэг эхчүүд нийслэлийн агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авч, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулах цаг болсныг эрх баригчдад сануулсан.
Хэдийгээр гадаа дулаарч, нийслэлийн утаа эрс багассан ч ирэх өвлийн дахин утаанд хордож өнгөрүүлэхгүйн тулд зуны улиралд ч утааны эсрэг жагсаал хийхээ мэдэгдэж байсан эцэг эхчүүд Монгол цэргийн баяраар жагсаал хийх зөвшөөрлөө авч чадлаа.
Утааны эсрэг жагсаалыг санаачлагч Ц.Пүрэвхүүгийн тайван жагсаал зохион байгуулах тухай хүсэлтэд анх Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Монгол Цэргийн баярын төрийн ёслолын арга хэмжээтэй давхацсан учир зөвшөөрөл олгох боломжгүй хэмээн хариу ирүүлсэн боловч, цахим сүлжээнд иргэд эсэргүүцлээ илэрхийлснээр 12.30 цагаас Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт жагсаал хийхийг зөвшөөрчээ.
Тиймээс эцэг эхчүүдийн утааны эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн жагсаал энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд 13.00 цагт болохоор болжээ.
О.Гал