2017 оны 5 сарын 2-ноос эхлэн 2 сарын хугацаатай зарласан “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг Монголбанкнаас иргэд, байгууллага, олон нийт болон Монголын арилжааны банкуудын дунд зохион байгуулсан билээ. Энэ аяны зорилго нь олон нийтийн дунд Үндэсний мөнгөн тэмдэгтийг зүй зохистой хэрэглэх, хэрэглээний соёлд хэвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомж, заавар журмыг таниулахад оршиж байгаа юм. Хоёр сарын турш үргэлжилсэн тус аяны дүнг дүгнэхдээ арилжааны банкуудын олон нийтийн сувгуудаар явуулсан сурталчилгаа, салбар тооцооны төвүүдийн идэвх оролцоо, ажлын тайлан, төсөв төлөвлөгөөний биелэлтийг үндэслэсэн шалгаруулахад ХХБанк тэргүүн байранд шалгарлаа. Шагналыг 2017 оны 07-р сарын 26-нд Монголбанкны байранд гардуулан өгөхдөө ХХБанкыг Үндэсний мөнгөн тэмдэгт Төгрөгийг зүй зохистой хэрэглэх соёлыг иргэд, олон нийтэд хэвшүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд манлайлан оролцсоныг сайшаалаа.