Нүүр хуудас Нийгэм Налайхын уурхайн асуудлаар хэлэлцэнэ

Налайхын уурхайн асуудлаар хэлэлцэнэ

143
0
nalaih_uurhai
Налайхын уурхайн эргэн тойронд

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлосны улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирч, байгаль орчин бохирдож байгаа асуудлыг таслан зогсоох,

хууль бус олборлолтын улмаас үүссэн ам, цооногуудыг дахин ашиглахгүй байх тухай асуудлаар тус дүүргийн оршин суугч, иргэдийн дунд зөвлөлдөх уулзалт, санал асуулгыг зохион байгуулах гэж байна.

Зөвлөлдөх санал асуулгын эхний үе энэ сарын 8-10-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулагдах бөгөөд тус асуулгад Үндэсний статистикийг хорооноос түүврийн аргаар сонгосон 940 иргэн оролцох бол 6 дугаар сарын 16-ны өдрийн хоёрдугаар шатны үндсэн хэлэлцүүлэгт эхний санал асуулгад оролцсон иргэдээс сонгогдсон буюу хэлэлцүүлэгт оролцох боломжтой 470 иргэнийг урьж зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу орон нутгийн түвшинд анх удаагаа орон нутгийн тулгамдаж буй асуудлаар иргэдийн саналыг сонсож, төр засгийн шийдвэрт иргэдийн оролцоог хангах боломж олгож байгаагаараа онцлог юм.

~Налайхын уурхайн асуудлаар хэлэлцэнэ~

Монгол Улсын Гавьяат уурхайчин, Налайх дүүргийн өндөр настан Л.Дамдинсүрэн “Налайхын уурхай 1995 онд хувьчлагдсанаас хойш их уурхайг хаах менежментийн бодлого тодорхойгүй байсны улмаас олон уурхайчин ажилгүй болсон.

Манай дүүрэгт зохион байгуулах энэхүү санал асуулга нь Налайх дүүргийн иргэд болон дүүргийн цаашдын хөгжлийг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой.

“Налайхын уурхайтай холбоотой аливаа асуудлуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр орон нутгийн иргэдийн саналыг сонсож, төр засгийн шийдвэрт тусгуулахад тус санал асуулгын үр дүн оршино” гэлээ.

Налайхын уурхайн ашиглалт, ил болон далд уурхайн асуудлаар иргэдтэй зөвлөлдөх тус уулзалтыг иргэд уурхайг шууд хааж, үйл ажиллагааг зогсоох гэж буй мэтээр шууд ойлгож болохгүй.

Иргэдийн саналд тулгуурлаж, тус уурхайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх учраас дүүргийн сонгогдсон иргэд тус санал асуулгад оролцох нь маш чухал юм.

Зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэгт Налайхын уурхайд хууль бусаар болон аюултай орчин нөхцөлд ажилладаг, хөдөлмөр эрхлэгч иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх,

Налайхчуудад нүүрлээд байгаа ажилгүйдлийн асуудлыг авч хэлэлцэх, уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх зэрэг олон цогц асуудал энэхүү санал асуулгын хүрээнд яригдах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here