Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газар нь Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, сангийн болон үйл ажиллагааны зардлын зарцуулалтанд хяналт шалгалт хийх, мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргаж үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах чиглэлээр 2016 оны II улирлын тайланд шалгалт хийжээ.
Шалгалтаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, даатгуулагчийн шимтгэл төлөлтийн тооцооны хуудсыг мэдээллийн сангийн бүртгэлтэй тулган нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн үлдэгдлийн баталгаажуулалт, тайлан авалт, архивын нэгжийн бүрдүүлэлт, сайн дураар даатгуулагчийн гэрээний хэрэгжилт, шинээр тогтоосон тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолтын үндэслэл, тэтгэврийн олголт, тэтгэвэр авагчдын хөдөлгөөний бүртгэл, даатгуулагчид олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж, даатгуулагчид олгосон ажилгүйдлийн тэтгэмжийн бодолт олголт, хэлтсүүдийн дотоод ажил болон дотоодын хяналт шалгалтын ажлыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Тэтгэвэр олголтын нэгдсэн хяналтын хүрээнд Төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд нь тэтгэвэр олголтын нэгдсэн хяналтыг шат дараалалтай зохион байгуулж, уг ажлын хүрээнд 2006-2015 онд нас барсан нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн олголтыг бүрэн хамруулж шалгаажээ.
Шалгалтаар зөрчилтөй байх магадлалтай 74 тэтгэвэр авагчийн мэдээллийг дахин тодруулж анхан шатны баримт, материалтай тулган шалгахад 4 аймаг, 4 дүүрэгтэй холбоотой 7,6 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсныг бүрэн барагдуулжээ.
Нас барсан иргэдийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгодог тухай ташаа мэдээллийн дагуу өндөр насны тэтгэвэр, оршуулгын тэтгэмжийн олголтын чиглэлээр 21 аймаг, 9 дүүрэгт дараах эрх бүхий хяналтын байгууллагууд шалгалт хийхэд уг мэдээлэл нотлогдоогүй байна.