Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчил гарсан үед шуурхай ажиллах багийн гишүүдэд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.
Тухайлбал, анхан шатны хэргийн бүрдүүлэлтэд хэрэг болох байршил тодорхойлогч, зургийн аппарат, хэргийн газраас авсан эд мөрийн баримт, хэрэгт нотлох баримтын шинж чанартай хураан авсан амьтан, ургамлын гаралтай зүйлийг хадгалах хөргүүр өгчээ. Мөн шуурхай багийн гишүүдийн ажиллах нөхцөлд дэм болгож майхан, аяны хөнжил, зөөврийн компьютер зэргээр хангажээ.
Энэ үеэр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Шуурхай ажиллах багийн ахлагч, хурандаа Б.Батбаяр “Манай аймагт ховор болон нэн ховор амьтдыг хууль бусаар агнах явдал нэлээдгүй гарч байгаа. Цаашид энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтэд уг дэмжлэг сайнаар нөлөөлж бодит үр дүн гарах болно” гэлээ.