Өнөөдөр НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Беате Транкманы хүсэлтээр Шадар сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа. Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн V дугаар чуулганы үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийг Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ”-гээр өргөмжлөгдсөн явдалд НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Беате Транкман Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ-уудын зүгээс баяр хүргэж байгаагаа илэрхийллээ.
НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Беате Транкман: “Монгол Улсын хувьд энэхүү хүндэт өргөмжлөлийг анх удаагаа хүртэж байна. Энэхүү хүндтэй шагналыг Шадар сайд У.Хүрэлсүх та хүртсэнээр Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч асан Др.Сусило Бамбанг Юдоёоно зэрэг олон улсын тавцанд нэр хүнд бүхий хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллах хүндтэй үүргийг хүлээж байна. Энэ нь таны Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулахын төлөөх үйл ажиллагаанд ямагт тэргүүн эгнээнд байж, Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулан, тууштай тэмцэгч, үлгэр жишээч байсны үнэлгээ юм” хэмээв.
Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Беате Транкманыг баяр хүргэж буй явдалд талархал илэрхийлээд, “Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг НҮБ-ын зүгээс цаашид ч дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэлээ. Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ” хэмээх эрхэм хүндэтгэлийг өмнө нь Дэлхийн тавцанд нэр хүнд бүхий 9 эрхэм хүртэж байжээ. Тодруулбал Индонезийн ерөнхийлөгч асан Сусило Бамбан Юудоёоно, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Кирен Рижижу, Дэлхийн Банкны гүйцэтгэх захирал асан Кристалина Георгиева, Олон улсын парламентын холбооны Ерөнхийлөгч Сабер Чаудхури, Итали Улсын Ром хотын Иргэний хамгааллын газрын дарга Франко Габриелли, Зүүн Африкийн Парламентын дарга асант Абдирахин Хайтар Хажи Абди нар хүртэж байсан .Одоо 10 дах нь Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болж байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.