Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ. Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас 2021 оны эхний хагас жилд чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлэв. Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичиг боловсруулах, Орчны аюулгүй байдлын хяналт, судалгаа хийх, Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд дээрх стандартын шаардлагуудыг хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагын гэрчилгээг тус газрын дарга хүлээн авлаа.
Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлсний үр дүнд чанарын бодлого, зорилтоо шинэчлэн тодорхойлж, түүний талаарх нийт албан хаагчдын нэгдсэн ойлголтыг бэхжүүлсэн. Мөн байгууллагын чанарын удирдлагын тогтолцоо, дотоод дүрэм журмаа шинэчлэн сайжруулсан юм. Түүнчлэн “Тэргүүлэх аудитор”-оор ес, “Дотоод аудитор”-оор 19 албан хаагчийг сургаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд дээрх стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрхтэй боллоо.
ХОТЫН СТАНДАРТ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР