Нүүр хуудас Нийгэм Онцгой байдлын байгууллагын ахмадууд хандивын аянд нэгдэв

Онцгой байдлын байгууллагын ахмадууд хандивын аянд нэгдэв

162
0

Онцгой байдлын албанд туслах иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аян үргэлжилсээр байна. Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах зорилготой энэхүү хандивын аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллага нэгдэж өнөөдрийн байдлаар хандивын дансанд 809,6 сая төгрөг цуглаад байгаа юм.

Тухайлбал, “Кофенд дурлагсдын клуб”-аас гаргасан “Монгол улсын иргэн бүр 5000 төгрөг” хандивын аяныг дэмжин Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбоо, ОБЕГ, НОБГ, Улсын нөөцийн салбар, 20 аймгийн Ахмадын хороо, зөвлөл, салбарын гишүүд нэгдсэн байна.

Хандивын уриалгыг Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооны тэргүүн Д.Хишигбаатар, ОБЕГ-ын Ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хошууч генерал Г.Махбариад, Л.Уртнасан, Р.Мажигсүрэн, Баян-Өлгий аймгийн Ахмадын салбарын дарга Т.Ерлан, гишүүн Д.Баяраа нар хошуучлан оролцсон бөгөөд нийт 5.729.000 төгрөгийн хандивыг цуглуулан ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Мөн ахмадууд Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийг нэг өдрийн цалинтай тэнцэх хэмжээний хандив өргөхийг уриаллаа.

Ард түмний хандиваар жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALIDUS/, нисэх аппарат, гамшгийн голомтод ажиллаж буй гал сөнөөгч, аврагчдын эрүүл мэндийг хянах, эрт оношлох, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/ болон багц шинжилгээ хийх нэг бүрийн оношлуур, хорт хий утаанаас хамгаалах баг зэрэг Онцгой байдлын албанд нэн тэргүүнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here