~Орхон аймагт 40 гаруй сурагч үдийн цайнаасаа хорджээ~
Хүүхдийн баярын өдөр Орхон аймаг дахь Турк сургуулийн сурагчид хоолны хордлогод орж БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтжээ. Хордлогын шалтгааныг тодруулахаар хэвтэн эмчлүүлэгчдийн өтгөнд шинжилгээ хийхэд “shingelii flexneri” нян илэрсэн байна. Бусад шаардлагатай хяналт, шинжилгээг хийж байгаа ажээ.
Анх зургадугаар сарын 1-ний 14:00 цагийн үед 10 хүүхэд хоолны хордлого гэсэн оноштойгоор хэвтсэн нь 23 болон нэмэгдэж, 2-нд 13, 3-нд есөн хүүхэд нэмж хэвтсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 45 хүн эмчлүүлж байгаа аж.
Тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр, хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийж эхэлжээ. Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр, анхаарал татахуйц, суулгалт ихтэй 13 хүнээс том хүн нэг, бусад нь хүүхдүүд юм байна. Бусдынх нь биеийн байдал дунд зэрэг байгаа аж.
Тавдугаар сарын 30, 31-нд 6-12 дугаар ангийн дээрх сурагчид сургууль дээрээ үдийн хоолоо идсэн байна. Үдийн хоолонд өндөгтэй кембаб, пирошки, тарвас, гуляш, будаа, гоймонтой шөл, төмсний хучмал, жимсний салат өгчээ.
Хоол идсэний дараа хүүхдүүдийн гэдэс базалж, гүйлгэх, улмаар 38.5-40 хэм хүртэл өндөр халуурч, цустай гүйлгэх, зүрх дэлсэх зэрэг зовиур илэрсэн байна.
Хордлогод орсон хүүхдүүдийн 20 нь дотуур байранд, 17 нь гэртээ байдаг ажээ. Мөн сургуулийн багш, ажилтнаас дөрвөн хэвтэн эмчлүүлж буй юм байна.