Нүүр хуудас Нийгэм Оюутнууд нийслэлийн аялал жуулчлал, соёлын газруудтай танилцаж байна

Оюутнууд нийслэлийн аялал жуулчлал, соёлын газруудтай танилцаж байна

121
0

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулж буй оюутнуудын хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцах аялал Монголын Үндэсний музейгээс эхэллээ.

Тус аялал нь оюутнуудыг нийслэлийн түүх, соёл, аялал жуулчлалын үзмэрүүдийг таниулах, хотын иргэний талаарх ойлголтыг төлөвшүүлэх, нийслэл хотоороо бахархах ухамсар, ойлголтыг өгөх түүнийгээ бусдад тайлбарлан танилцуулах чадварыг сайжруулах зорилготой.

Ес дэх жилдээ зохион байгуулж буй аялалд их, дээд сургуульд аялал жуулчлалын чиглэлээр сурч буй 120 гаруй оюутан хамарч байна. Аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчин болох эдгээр оюутан гадаад орноос хүрэлцэн ирэх жуулчидтай хамгийн түрүүнд уулзаж эх орныхоо түүх соёл, ард түмний зан заншлын талаар танилцуулдаг учир сонгон авчээ.

Улаанбаатар хотын үүсэл хөгжил, барилга байгууламжийн тухай хөтөч А.Цэрэнчулуун мэдээлэл өгсний дараа оюутнууд тус музейн үйл ажиллагаа, үзмэрүүдтэй танилцсан юм.

“Нийслэл хотынхоо түүхийг хүүхэд залуучуудад гэлтгүй оршин суугчдад танилцуулдаг аялал зохион байгуулах шаардлагатай болж байна. Тухайлбал, сүүлийн үед Хан-Уул, Баянгол дүүргийнхэн гэхэд өөрийн дүүргээс холдохгүй байна. Тэд нийслэлийн хуучин түүхт дурсгалын газрууд, шинэ бүтээн байгуулалт хийж буй хорооллыг мэдэхгүй байна. Тиймээс цаашид оршин суугчдын дунд ийм танилцуулах аялал зохион байгуулах нь ач холбогдолтой” хэмээн судлаач О.Сүхбаатар ярив.

Оюутнууд хотын түүхэн хөгжил, музей, үзвэрийн газрууд, Сүхбаатарын талбай, Зайсан толгой, Чингисийн хүрээ жуулчны бааз, “Говь” ХК, “АПУ”, “М-Си-Эс” ХХК зэрэг үндэсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд судлаач, профессор О.Сүхбаатар эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар хөтчөөр ажиллан хотын тухай дэлгэрэнгүй мэдээллийг оюутнуудад өгөх юм.

Аялал жуулчдыг бүхий л төрлийн хэрэгцээт мэдээллээр ханган аяллын туслалцааг үзүүлдэг нийслэлийн Аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийн үйл ажиллагаатай танилцсанаар өндөрлөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here