Сарлагийн сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаа эхэллээ
Баянзүрх дүүрэг, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газар хамтран дөрөв дэх жилдээ “Тариатын цагаан идээ” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Өнөөдөр тус үзэсгэлэнгийн нээлт болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин Тариат сумын Засаг дарга Г.Алтан-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулж, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч хоёр ямар нэгэн шат дамжлаггүйгээр холбогдож худалдан авалт хийгдэж байгаагаараа онцлогтой юм. Дашрамд дурдахад, Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдэгийн шилдэг бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарсан цагаан идээ юм.