~Сургуулийн орчинд утас хэрэглэхийг хориглов~
Засгийн газрын хуралдаанаар ЕБС болон цэцэрлэгийн хүүхэд ухаалаг гар утас ашиглахыг аравдугаар сарын нэгнээс хориглолоо. Гэхдээ хүүхдүүд зөвхөн хичээлийн цагаар л ухаалаг утас ашиглахгүй юм.
Сүүлийн үед хүүхдүүд цахим орчинд идэвхтэй нэвтэрч, донтолт үүсч, сурлагын түвшинд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Тиймээс уг шийдвэрийг гаргасан ба энэ нь хүүхдийг цахим халдлага, садар самуун зүйлээс сэргийлж, сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлнэ гэлээ.
Тус саналыг ЗГХЭГ–ын дарга Г.Занданшатар санаачилсан ба уг шийдвэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хамаарахгүй юм. Учир нь тусгай сургалттай холбоотойгоор ухаалаг утас ашиглах зайлшгүй шаардлага гардаг байна. Мөн багшийн хэрэглэж буй гар утсыг хязгаарлахгүй юм.
БСШУСЯ, Дэлхий банктай хамтран 2017 онд явуулсан судалгаанаар хот, хөдөөгийн ЕБС-ын 8-17 насны 1278 сурагчийн 54.6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг гэжээ.
Тэгвэл гуравдугаар ангийн хүүхдүүдийн 40.8 хувь, тавдугаар ангийнхны 68.3 хувь нь ухаалаг утастай байна. Гэтэл он гарсаар цахим дарамтад өртсөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдсэн бол Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.
Сонирхуулахад, манай улс хүн амд ногдох фэйсбүүк хэрэглэгчийн тоогоороо Ази тивийн орнуудаас 3.6 дахин идэвхтэй байна.