Улсын хэмжээнд 819 сургууль болон сурагчдын дотуур байр, 226 цэцэрлэг модон жорлонтой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солиход зарцуулагдах 100 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс шийдвэрлэхээр болсон билээ.
/2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалтад “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар тусгасан. /
Тус ажлыг хэрэгжүүлэх дэд ажлын хэсгийн уулзалт өнөөдөр Барилгын хөгжлийн төвд зохион байгуулагдлаа.
Уулзалтын үеэр Ультрасоник” ХХК, Эколос ХХК, Их мянган инженерчлэл ХХК зэрэг аж ахуй нэгжүүдийн санал болгож буй ХБНГУ, ОХУ-ын бага оврын цэвэрлэх байгууламжийн технологийн шийдлүүдтэй танилцсан байна.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Ч.Ундрам, Д.Өнөрболор Б.Жаргалмаа болон БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон бусад албаныхан оролцлоо.
Энэхүү ажлын үр дүнд 150 мянга гаруй хүүхдийн сурч, амьдрах орчныг сайжруулж, ариун цэврийн байгууламжийг өөрчлөхөөр төлөвлөжээ.