Сэлэнгэ аймагт цэргийн бүртгэл 15-нд дуусна
Сэлэнгэ аймгийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2018 оны бүртгэл энэ сарын 02-ны өдрөөс эхлэн явагдаж байна.
Тус бүртгэл энэ сарын 15-ны өдрийг дуустал зохион байгуулагдах бөгөөд харъяалагдах багтаа очиж бүртгүүлэх юм. Бүртгэлийн журам зөрчсөн иргэн Зөрчлийн тухай хуулийн 15.17.3-д заасны дагуу 100.000 төгрөгөөр торгуулах арга хэмжээ авахуулах ажээ.
Энэ жил Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрхзүйн тухай хууль гэсэн хоёр шинэ хуулийг баталсан аж. Энэхүү шинэ хуулиар цэргийн бүртгэлийг явуулж байгаа гэнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй баг дээрээ очиж цэргийн тоо бүртгэлд хамрагдах ёстой аж. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлэх юм байна. Тус бүртгэлийг харъяа багийн Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд өглөө 09:00 цагаас орой 20:00, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд хийж байгаа бөгөөд цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирэх, мөн цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэсэн байх ёстой ажээ. Түүнчлэн цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд мөн цэргийн бүртгэлд бүртгүүлэх юм байна.