~СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, усны ослоос урьдчилан сэргийлээрэй!~
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Бэлтэс, Үүр, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Шар-Усны гол, Заг, Цагаантуруут, Богд, Чигэстэй, Идэр, Буянт, Яруу, Хэнтий нуруунаас усжих Туул гол Лүн сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгдэж,
Үүр, Шаргалжуут, Шар-Усны гол, Онги, Орхон, Хэрлэн, Онон, Хархираа, Ховд, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, Байдраг гол Баянбүрд, Хэрлэн гол Чойбалсан, Орхон гол Орхон баг орчимд үерийн аюултай гол усны аюул түвшинг 5-20 см даван үерлэж байна.
Мөн наймдугаар сарын 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно.
Иймд:
– Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,
-Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,
-Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,
-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.