Улсын онцгой комиссийн хуралдаанаар цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин “16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-нийг хүртлэх хугацаанд манай орны нутаг дээр байрлана.Энэ нь сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтрэлт 11-р сард болох төлөвтэй байна.Үүнтэй холбоотойгоор 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж, харагдац муудаж, халиргаа гулгаа нэмэгдэж, хээр гадаа байх үед хөлдөж осгож болзошгүйг анхааруулж байна.-47 хэм хүртэл хүйтэрнэ.
Мөн 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-аас -40 градус хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжинд хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна” гэлээ.