Сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргах, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, төрийн бодлого, зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх боломжийг тодорхойлох зорилготой “Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт 2018.02.07-нд болсон билээ.
Салбарын мэргэжлийн холбоод, сүү үйлдвэрлэгч, фермерүүд, эрдэмтэн судлаачид оролцсон уулзалтаас гаргасан саналыг Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Ж.Баттөгс, “АПУ Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг, “Витафит импэкс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулан өглөө.
Сүүний үйлдвэрлэлийг дэмжих, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар монгол хүний хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор УИХ-ын дарга М.Энхболд нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалга гаргаж, тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа тэд энэ үеэр илэрхийлэв.
Улсын хэмжээнд саасан сүүнийхээ дөнгөж 10 хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэдэг, сүү бэлтгэн нийлүүлэлт улирлын хамааралтай, фермийн хөгжил сул дорой, малын тэжээлийн үйлдвэрлэл хөгжөөгүй, малын үржил, бүртгэлээ сайжруулах нөхцөл бололцоо хангалтгүй байгааг үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзалтын үеэр ярилаа.
Сүү үйлдвэрлэлийн салбарыг ШИНЭ ШАТАНД гаргахад анхаарч ажилланаТэд “Хамтран ажиллах тухай” саналдаа:
- Сэрүүний улиралд үйлдвэрлэж буй шингэн сүүний дотоодын үйлдвэрт нийлүүлсэн литр тутамд мөнгөн урамшуулал олгох;
- Саалийн үнээний эрчимжсэн фермийн аж ахуйд нийлүүлсэн тэжээлийн орлого, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх;
- Эрчимжсэн фермийн аж ахуй эрхлэгч эзэмшиж буй газартаа тэжээлийн таримал тариалахыг дэмжих зэрэг саналыг тусгажээ.