Нүүр хуудас Нийгэм Татварын албаны ажилтны өдрийн баярын мэнд хүргэлээ.

Татварын албаны ажилтны өдрийн баярын мэнд хүргэлээ.

674
0

Татварын ажилтны өдөрт зориулан татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д. Занданбал:  Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх их үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирсэн татварын албаны үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж буй нийт татварын улсын байцаагч, ажилтнууд та бүхэнд “Татварын албаны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ажлын их амжилт, амьдралын аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж, баярын мэндчилгээ дэвшүүлье.

Татварын алба нь татварын болон холбогдох бусад хууль, тогтоомж, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “ТЕГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 4 жилийн төлөвлөгөө”, “Татварын албаны 2017 оны үйл ажиллагааны зорилт”-ыг баталж, Татварын албаны хэмжээнд 2017 оныг “Татвар төлөгчдийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах жил” болгон ажиллаж байна.
Татварын алба 2017 оны эхний 8 сард улс, орон нутгийн төсөвт 2.0 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 2.4 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 120.0 хувиар биелүүлэн ажиллаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг ханган 2017 онд анх удаа 620’409 татвар төлөгч иргэнд 35.5 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгосон байна.
Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн хооронд тохирсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох”, “Бичил, жижиг болон дунд хэмжээний бизнес эрхлэгчийн татварын удирдлагыг боловсронгуй болгох нь”  төслүүд, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” 2 дахь шатны төслийг Монголын татварын алба эдгээр байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.
Цаашид бид дараах зорилтыг ханган биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Нэг. Татварын удирдлага, хууль эрх зүйг боловсронгуй болгох ажлын хүрээнд:

– Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчилсэн найруулгын төслөөр боловсруулж, батлуулах
– Олон улсын валютын сантай хамтарсан төслийн хүрээнд татвар төлөгчийг ангилсан сегментийн бодлого, үйл ажиллагааг Татварын албаны үйл ажиллагаанд хэрэгжүүлж хэвших
– Татвар ногдуулалт, төлөлт, тайлагналтын үйл ажиллагаанд хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэх
– Татварын албаны мэдээллийн системийг өргөтгөн сайжруулах

Хоёр. Татвар хураалтыг сайжруулах ажлын хүрээнд:

– Улс, орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөг татварын нэр төрөл бүрээр ханган биелүүлэх
– Далд эдийн засгийг татварт хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлж, татвараас зайлсхийхийн эсрэг тууштай тэмцэх
– НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
Гурав. Татварын үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд:

– Татвар төлөгчийг татвараа өөрөө тодорхойлж сайн дураараа төлдөг болгон төлөвшүүлж, харилцан итгэлцэл хамтын ажиллагааг бий болгох
– Татварын албаны ажилтныг хүнд суртал, авилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
– Татварын үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хүргэн ил тод, шуурхай үйл ажиллагаа бүхий “Нээлттэй татварын алба” болгох.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хөтөлбөрийг эдгээр зорилтуудтай нягт уялдуулан хэрэгжүүлж, төр, бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд Татварын албаны албан хаагчид та бидний үүрэг оролцоо ихээхэн чухал болохыг онцлон тэмдэглэж байна.
Улс орныхоо хөгжлийн төлөө хөдөлмөрлөж, төсвийн орлогыг бүрдүүлэх хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж буй нийт татвар төлөгч та бүхэндээ Татварын албаны ажилтны өдрийн баярын мэнд хүргэж, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here