Нүүр хуудас Нийгэм Томоохон зах, дэлгүүрүүдийн өвлийн хувцасны үнэ ханш

Томоохон зах, дэлгүүрүүдийн өвлийн хувцасны үнэ ханш

556
0

2017 оны өвөл, хаврын хувцаслалтын чиг хандлага  мода эргэнэ гэгчээр 70-аад оны дундуур мода болж байсан трапецэн өмд, судалтай цамц гэх мэт зүйлс энэ өвөл таны хэв маягийг тодорхойлно. Хэрэв таны аав, ээж, ах, эгч, өвөө, эмээ нарын өмсөж байсан хувцсыг  нь янзлаад өмсөхөд хамгийн дэгжин, сайхан харагдах нь байна шүү. -“НАРАНТУУЛ” ЗАХ-ын куртканы дундаж үнэ 80000 төгрөг.  Салхи бага нэвтрүүлдэг, чанар эдэлгээ сайн зэргээр үнэлэгдэх загварлаг куртикуудын дундаж үнэ 80-160 мянган төгрөг. Ихэнхдээ хар бараан өнгө зонхилох эрэгтэй куртикуудын доод үнэ 55 мянган төгрөгийн ханштай бол хүүхдийн өвлийн куртик 30-60 мянга, түүнээс дээш ханштай байна. Харин ноосон, малгайтай цамцууд 30-50 мянган төгрөг, өвлийн дотуур зузаан өмд 5000-25 мянган төгрөг, том хүний болон хүүхдийн малгай, ороолт хосоороо 15-30 мянгаар зарагдаж байна. Урт ноосон ороолт 15 мянга, даавуун ороолт 5-10 мянга, бага насны хүүхдүүдийн өмсдөг куртик, хантааз, мөрөвчтэй өмдний хослол 60-80 мянган төгрөг байлаа.

Бүсгүйчүүд, охидын куртик, малгай ороолт, ноосон цамц урт богино гээд төрөл бүрээрээ өргөн сонголттой өвлийн куртик өвдөгнөөс үл ялиг дээгүүр, эсвэл шагай шүргэсэн сагсгар том үс бүхий сүрлэг малгай, тэлээтэй куртикны  хувьд хийсэн материал, малгайны үс, загвараасаа шалтгаалан үнэ нь харилцан адилгүй. Тухайлбал, малгайдаа үсгүй өвдөг хүрсэн куртикууд 60 мянган төгрөгөөс эхэлж буй бол малгайдаа туулайн үсэн оруулга, үнэгний арьсан захтай урт сөдөн куртикууд 100-220 мянган төгрөг байна. Гэхдээ “ориг” үстэй куртикууд их ховор.   “SANDAY PLAZA”-“Sunday plaza” дулаахан  үнэ ханш нь ч гэсэн боломжийн учраас иргэд үйлчлүүлэх их дуртай байдаг. Энд зарим нэг лангууг эс тооцвол худалдаалж буй бараа үнийн хувьд захаас нэг их ялгарах зөрүү бага байсан ч дунджаар 10-20 мянган төгрөгөөр илүү. Куртканы үнэ 50 мянган төгрөгнөөс эхлээд 300 мянга хүртэл үргэлжилнэ.Гэхдээ захыг бодвол овоо хэдэн лангуунд чанар чансаа, загвараараа огт өөр гэж тодорхойлогдох куртикууд илүү өргөн сонголттой байна. Худалдан авалт хийж буй иргэдийг анзаарч харахад ихэвчлэн 50-100 мянган төгрөгийн куртик худалдан авч байсан. Үнэгний үсээр малгайн захыг нь гоёсон янз бүрийн хээ, тоноглол, товч бүхий куртикууд ихэнхдээ 250 мянган төгрөгийн үнэтэй байв. Цаашлаад, туулай, хонины үсэн куртикууд 200-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх аж. Худалдагчийн хэлж буйгаар үнэгний арьс сэвсийсэн, дулаан, харагдах байдал, эдэлгээнд ч тэр аль ч талаараа туулайн үсийг “араасаа” дагуулдаггүй. Тиймээс малгайндаа үнэгний үс орсон куртикууд илүү үнэтэй худалдаалагддаг байна. –III, IV ХОРООЛОЛЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРИЙН БАРАА “НАРАНТУУЛ” ЗАХААС Ч ХЯМДХАН- Хоёрхон жилийн дотор III, IV хорооллын дэлгүүрүүдийн лангуу хоосорч, оронд нь загварлаг, хямдхан, чанартай солонгос хувцасны бөөний дэлгүүрүүд их нээгдэж буй. Хаа сайгүй 20 хувиас дээш хямдрал зарласан дэлгүүр. Эдгээр дэлгүүрүүдэд эрэгтэй, эмэгтэй ноосон цамцууд 15 мянган төгрөгөөс эхэлнэ. Харин хүүхдийн куртикны материалтай мөрөвчтэй өмд 12-15 мянган төгрөг. Дунджаар охидын урт куртик 50-70 мянга, хөвгүүдийнх 30-75 мянга төгрөгийн хооронд зарагдаж байна. “Элбэг” их  дэлгүүрт худалдаалагдаж буй куртикууд 70 мянгаас дээш 300, 400 мянга гэх зэргээр үргэлжилнэ. Жирийн иргэдийн худалдан авах нөхцлийг хангахуйц дээд зэргийн бус дунд хэрийн чанартай куртикны дундаж үнэ 200 мянган төгрөг. Бээжин, Гуанжугаас оруулж ирсэн чанартай, хэдэн ч удаа угаасан нимгэрэхгүй материалтай гэгдэх эмэгтэй урт куртикууд ихэнхдээ 170-300 мянган төгрөгийн үнэтэй байв  Жил бүр хүүхэд хөгшидгүй өвлийн дүн хүйтнийг ажралгүй давдгаар нь шагших болсон “бойтго”, цаа бугын арьсан гутал энэ жил “мода”-наас гарна. Харин оронд нь цасны, уулын гутал, ширэн ботинк мөн үдээстэй пүүз шиг, хажуудаа төмөр тоногтой, одоор чимэглэсэн зэрэг ёстой л ёозыг мэдрүүлсэн нэхий дотортой арьсан гутлууд трэнд болно. Өнгөрсөн жил зарагдаагүй үлдсэн “бойтог” “Нарантуул” захын зарим нэг лангуун дээр 10-20 мянган төгрөгөөр зарагдаж байна. Энэ жилийн “мода”-нд орж буй цасны гутал, ширэн ботинк хамгийн хямдхан нь 20 мянга, Солонгос улсаас ирсэн нэхий дотортой нь 60-80 мянган төгрөг, хувь хүмүүсийн хийдэг буриад гутал 25-50 мянган төрөгөөр зарагдаж байна. Том хүний гутал богино, урт түрийтэйгээсээ хамаарч 50-220 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. “Элбэг” их дэлгүүр болон III, IV хорооллын дэлгүүрүүдийн гутал хальтрахгүй, каучукан ултай нэхий дотортой эрэгтэй гутал 70-100 мянган төгрөг. Хагас боловсруулсан арьсан гутал 50-90 мянга, цэвэр арьсан нь 80-220 мянган төгрөгийн хооронд байгаа бол ширэн гутал “ориг” нь 165 мянгаас дээш үнэлэгдэнэ. Эмэгтэй арьсан гутлын хувьд түрийний урт богиноосоо шалтгаалан дунджаар 60-300 мянган төгрөг. “Нарантуул” захаас цэвэр арьсан гутлыг 150 мянган төгрөгт багтаан авч хүрэхээр байсан бол III, IV хорооллоос ийм төрлийн гутал 120 мянга, түүнээс дээш ханштай байна. Энэ жил охидын ихээр өмсөж буй өвдөг давсан түрийтэй элгэн гутлыг чанараас нь шалтгаалан 50-100 мянган төгрөгөөр захын худалдаачид үнэлсэн бол хорооллынхон 70 мянгаас дээш ханш хэлэв.

 

 

 

Улсын их дэлгүүрээс хэн дуртай нь ороод худалдан авалт хийгээд гардаггүй. Эндээс боломжийн амьдрал, тогтмол орлоготой хүмүүс худалдан авалт хийдэг. Дундаж амьдралтай иргэн энд наймаа хийхийн тулд өнөө маргаашийнхаа талхны мөнгөнөөс хумслаж байж чанартай, загварлаг хувцас худалдан авдаг нь үнэн. Ерөнхийдөө тансаг зэрэглэлийн бараанууд зарагддаг гэх их дэлгүүрт үнийн хөөсрөлтэй бараанууд цөөнгүй, сайн үзэж нягтлан авах гэж буй барааныхаа зах зээлийн үнийг судлахад гэмгүй. Зарим газарт хямдхан зарагддаг бараанууд 2-3 дахин илүү өндөр үнэтэй байдаг. 100 хувь ямааны ноолууран пальто 450 мянгаас нэг сая 200 мянган төгрөгийн үнэтэй. Дотоодын үйлдвэрийн арьсан гутлууд 200 мянгаас дээш үнээр зарагддаг бол дэлхийн алдарт брэндийн гутлууд хамгийн хямдхан нь 300 мянгаас буухгүй. Сөдөн куртикууд 200 мянгаас дээш, хамгийн гол нь цөөн тоогоор ирдэг загвар нь давтагдахгүй гэдгээрээ онцлог. Хэдэн төгрөгөөр хувцас худалдан авахыг таны халаасны нимгэн, зузаан л мэдэх нь.                                                                                     Та хэрвээ өвлийн хувцсаа авч амжаагүй байгаа бол багахан тооцоо гаргая. “Нарантуул” захаас чанартай куртик 150 мянга, цасны гутал 80 мянга, малгай ороолт 15 мянга, өвлийн зузаан дотуур өмд 20 мянга, ноосон цамц 30 мянга, оймс, бээлий 10 мянган төгрөг, цаашлаад ороолт малгай, бээлий гээд багахан хэмжээний дундаж тооцоо гаргавал өвлийн хувцсандаа 300 мянган төгрөг зарцуулах нь ээ.

III, IV хороолол болон “Элбэг” их дэлгүүрээс сонголтоо хийх гэж байгаа бол дунд зэргийн чанарлаг куртик 200 мянга, бүтэн боловсруулсан арьсан гуталд 150-170 мянга, бас бус хэрэглэлүүдтэй нийлээд 400 мянган төгрөг шаардлагатай болох нь. Харин УИД-ээс хамгийн багаар бодож өвлийн куртик, гутал авахад 700 мянган төгрөг болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here