Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/439 дугаартай захирамжийн дагуу Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтыг мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотой шинэчлэх, шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлох зорилгоор зураг төсөл боловсруулах уралдааныг өнгөрсөн сарын 15-29-ний өдрийн хооронд явууллаа. Уралдаанд нийт 16 баг оролцож, шинэлэг, бүтээлч олон санааг дэвшүүлсэн бүтээл ирүүлжээ.
Уралдаанд оролцож буй багуудын ирүүлсэн бүтээлд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын http://uda.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан тав хоногийн хугацаанд иргэд, олон нийтийн саналыг авсан бөгөөд нийт 15563 иргэн саналаа өгсөн байна.
Тэргүүн байранд “Төвшингүүд Констракшн” ХХК багийн төсөл шалгарч өргөмжлөл, 20 сая төгрөгөөр шагнууллаа. Шагналт байруудад “Кью Эл Скейл” ХХК, “Эн Эс Партнерс” ХХК багийн бүтээлүүд шалгарч, өргөмжлөл, 5 сая төгрөгөөр шагнуулав.