Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна. Уг өгсөх эрэмбээр ажил олгогч, ажилтны төлдөг нийт татварын хэмжээ 2017 онд 21 хувь /өөрчлөгдөхгүй/, 2018 онд 23 хувь, 2019 онд 24 хувь, 2020 онд 26 хувь болон нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч нарын төлдөг шимтгэлийн хэмжээ өнөөгийн түвшнээс 2020 он гэхэд 5 хувиар нэмэгдэж, тус бүр 2.5 хувийн татвар нэмж төлөхөөр байна. Энэ зохицуулалтыг хийхдээ нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталсан байна.
Шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэнээр иргэд ирээдүйд авах тэтгэврийн даатгалын сандаа илүү мөнгө төлж эхлэх зохицуулалтад орж байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэл 7 хувь байгаа билээ. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн хувь хэмжээ сайн дурын даатгуулагчдад мөн хамаарахаар холбогдох хуулинд өөрчлөлт оруулсан. Тиймээс сайн дурын даатгуулагчид өнөөдрөөс нэмэгдсэн хувь хэмжээгээр нийгмийн даатгалаа төлөхөөр байна.
Одоогийн мөрдөгдөж буй хуулиар сайн дурын даатгуулагчид орлогын биет хэмжээнээсээ нийт 12 хувийн шимтгэл төлдөг бөгөөд үүний 8 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд тооцогддог юм. Нийгмийн даатгалын шимтгэл дэх энэ хувь хэмжээ /тэтгэврийн даатгалын шимтгэл/ энэ сарын эхнээс 10 хувь болон өсөх юм. Улмаар тэтгэврийн даатгалын шимтгэл 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар хуульчилж өгөөд байна. Тэгэхээр сайн дурын нийгмийн даатгалын хэмжээ 2017 онд 14 хувь /2017.07.01-нээс/, 2018 онд 15 хувь, 2019 онд 15.5 хувь, 2020 онд 17 хувь болохоор байна.