Засгийн газраас “Буянт-Ухаа-2” 972 айлын орон сууцыг нийслэл рүү шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, тус орон сууцад орох иргэдийг ямар журмаар хэрхэн, хэзээ оруулах вэ гэдгийг хот шийдэх юм. Тэгвэл хотын дарга С.Амарсайхан тус орон сууцыг Нийслэлийн орон сууцны корпораци руу шилжүүлсэн байна.
НОСК-иас техникийн дэвшлийг ашиглаж, иргэдийг бүртгэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, цаасаар өргөдөл хүлээн авахгүй бөгөөд иргэдийг цахимаар бүртгэж, ил тод нээлттэй зохион байгуулах юм байна. Ирэх долоо хоногт шинэ журмыг баталж иргэдийг түрээсийн орон сууцад хэрхэн хамруулах нь тодорхой болох бөгөөд тухай бүрт нь иргэдэд мэдээлэх юм байна. Гэхдээ 972 айлын орон сууцны 60 хувьд гэр хорооллын иргэдийг хамруулахаар зорьж байгаа бөгөөд үлдсэн хэсгийг ахмад настан, залуу гэр бүл, төрийн албан хаагч гэх мэтээр төрөлжүүлэх юм байна. Ингэхдээ наадмын өмнө иргэдийг орон сууцад оруулахаар төлөвлөж байгаа аж.
НОСК-ийн захирал Б.Сүхбаатар “Нээлттэйгээр цахим хэлбэрээр иргэдээ бүртгэж явна. Иргэд ямар нэгэн дарга, тухайн тойргийн гишүүндээ иргэд хандаад яваад байгаа. Одоо бол Их хурлын гишүүн, төлөөлөгч нарт ямар ч квот байхгүй. Нээлттэй, иргэд ч хяналтаа тавиад явах боломжтойгоор зохион байгуулна. Хэзээнээс бүртгэж эхлэхийг хэлж мэдэхгүй байна. Аль болох хурдан хугацаанд бүртгэнэ гэж төлөвлөж байна. Болж өгвөл энэ сардаа багтаана” гэсэн юм.