Төв аймаг газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт энэ жил цаг агаарын хүнд нөхцөл үүсч олон сум хүчтэй ганд нэрвэгдсэн талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Аймгийн ХХААГ-ын даргын удирдамж болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зуншлагын байдалд үнэлгээ өгөх, зураглал гаргах, таримал ургамлын ургалтын нөхцөл байдал зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор 27 суманд дөрвөн ажлын хэсэг өнгөрсөн сарын 18-аас 21-ний хооронд ажиллалаа. Ажлын хэсгийн дүгнэлтээр аймгийн 17 сум маш хүчтэй гантай, долоон сум гантай, гурван сум гандуу байна. Энэ жил нийт 79 мянга 758 га талбайд үр тариа тариалснаас өнөөдрийн байдлаар тариалсан үр тарианы 2600 га буюу 3,4 хувь нь сайн, 28 мянга 440 га буюу 35,6 хувь нь дунд, 48 мянга 639 га буюу 61 хувь гангийн улмаас ургац алдаад байна. Мөн цаг агаарын нөлөөллөөс 1200 га мөндөрт цохиулж, 1049 га элсэнд дарагдаад байгаа аж. 2015 онд улсын хэмжээнд гантай харьцуулахад энэ жилийн ган таримал ургамалд илүү хүчтэй илүү нөлөөлж байна гэж аймгийн ХХААГ-ын газар тариалангийн мэргэжилтэн Ц.Алимантуяа хэллээ.
Нөхцөл байдлын талаар аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж “Хөдөө аж ахуйн салбарын ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврыг сумдад хүргүүлсэн бөгөөд хэрэгжилтийг хангах талаар сумын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгчээ.
Мөн ХХААХҮЯ-наас томилогдсон баг энэ сарын 7-12 хооронд тариалан бүхий Аргалант, Баянцогт, Баянхангай, Заамар, Угтаал-Цайдам, Цээл, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань зэрэг сумдад 2017 оны ургацын төлөв байдал гангын эрсдэлийг шалган тогтоохоор ажиллаад байна.
Үр тарианд механик болц үүссэний улмаас Жаргалант сумын нэг аж ахуй нэгж ургац хураалтаа 10-15 хоногийн өмнө эхлүүлжээ. Ургац хураалт эрт эхэлж байгаа учир хэвийн нөхцөлд авдаг байсан ургацын хэмжээнээс буурах тооцоотой байна.