~Улсын хэмжээнд 555 ээжид Алдарт эхийн одон гардуулна~
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулав.
Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонг Баянгол дүүргийн 8 дугаар хорооны иргэн Д.Золзаяа, 18 дугаар хорооны иргэн О.Болормаа, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ц.Болортуяа, 28 дугаар хорооны иргэн Д.Ундармаа, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Х.Алтанзаяа нарын 22 эхэд гардуулсан юм. Мөн Алдарт эхийн хоёрдугаар зэргийн одонгоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Л.Отгонбаяр нарын 21 ээжид гардуулав.
Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байх шийдвэрийг 1951 онд гаргасныг Монгол Улс талархалтайгаар хүлээн авч 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирснийг Ерөнхийлөгч Х.Баттулга одон гардуулах үеэр дурьдлаа.
Тэрбээр, “Хүүхэд бол аливаа үндэстний баяр баясгалан, ирээдүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын бат бөх холбоос юм. Монголчууд 20 дугаар зууны эхээр 700 мянган хүн амтай байсан. Энэ үеэс олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого баримтан ажилласны үр дүнд одоо 3 сая гаруй хүн амтай болоод байна. Харамсалтай нь хүн амаа өсгөх бодлогоор олгодог Хүүхдийн мөнгийг улс төржүүлэх тохиолдол их байна.
Хүүхдийн мөнгө бол халамж биш хүн амаа өсгөх бодлого гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй. Нэг өрх хоёр хүүхэд төрүүлж өсгөвөл нөхөн үржихүйн тэнцвэр хадгалагдаж, гурваас дээш хүүхэд төрүүлбэл хүн ам өсдөг гэсэн судалгаа бий.
Тиймдээ ч Алдарт эхийн одон Монгол төрийн үргэлж залгамжлан авч явах ёстой бахархал дүүрэн одон юм. Эрт дээр үеэс эхчүүд, эмэгтэйчүүд Монгол Улсын бахархал, баяр баясгалан байж ирсэн. Монголын үрс маш олон болтугай хэмээв.
Энэ өдөр улсын хэмжээнд нийт 555 ээжид Алдарт эхийн одон гардуулах юм.