Урин цаг ирэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон засаг даргын зөвлөлийн гишүүд 9 дүүргийн дарга нартай уулзалт хийж, 2018 оны ажлын төлөвлөгөө, тулгамдсан асуудал, хийхээр төлөвлөж байгаа ажил болон төсвийн сахилга бат, хариуцлага сахилга батыг чангатгах талаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “3 дугаар сарын 1 гэхэд нийслэл хот худалдан авах, хөрөнгө оруулалтын ажлаа зарлаж, 4 дүгээр сарын 1 буюу “Газар гэсэх” үед бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. 2018 он бол хариуцлагаа дээшлүүлж, ажлаа эрчимжүүлэх чухал жил. Бүтээн байгуулалтыг өрнүүлж, газар чөлөөлөх, цэцэрлэг сургуулийн барилгын ажил болон түрээсийн орон сууц, сервис центр зэрэг үндсэн чиглэлд тусгасан зорилтод ажлуудаа хийх ёстой. Тиймээс энэ жил Улаанбаатар хөрөнгө оруулалтын бизнес уулзалтыг энэ сарын 29-нд Улаанбаатар худалдааны танхимтай хамтран хийнэ. Худалдан авах, тендерийн эрх шилжүүлэх ажлуудыг 2 сардаа багтаан дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг хотын дарга нийслэлийн төр захиргааны байгууллагуудад үүрэг болгов.