~Усны хувцастай үзүүлбэрийг хассан нь ЗӨВ гэв~
Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” XV гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулах гэж байна.
Монголын сайхан бүсгүй шалгаруулах уламжлалт уралдаан эргэн ирлээ гэсэн үг. 11 жил завсарласан тэмцээнийг сэргээж буй зохион байгуулагчид наадмын хугацааг зарлаж, алтан эрдэнийн өргөмжлөлт бүсгүйн хүртэх титмийг танилцууллаа.
Монголын эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ холбооноос Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааны болон бусад ижил төстэй уралдааны хүрээнд нэгэн чухал өөрчлөлт, шинэчлэлтийг авчирчээ.
Энэ нь “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмаас эхлэн уралдааны шалгуурын нэгэн төрөл болох “Усны хувцастай гараа”-г бүрэн халах шийдвэр.
Эмэгтэй хүний эрхэмсэг нандин гоо байдлыг хадгалж, гадаад өнгө үзэмж, хэлбэр байдалд бус бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол, дотоод мөн чанар, хүмүүнлэг, цогц сайхан байдлыг тодотгон ирсэн уламжлалт уралдааны нэр хүндэд дээрх өөрчлөлтийг нийцнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.
Энэ нь ч оролцогч охид, үзэгч, дэмжигчдэд таалагдаж байгаа нь гарцаагүй. Ирээдүйн эмч, багш, удирдагч, манлайлагч, ирээдүйн ээж болох охид, бүсгүйчүүдийг усны хувцастай дүр төрхтэйгөөр нийтэд таниулж үлдээхээс орчин үеийн ижил төрлийн уралдаанууд татгалзах болсныг Монголын Хатан эрдэнэ холбоо дэмжин, ийм шийдвэр гаргасан нь зөв юм.
Тухайлбал, АНУ өнгөрсөн жилээс мөн гоо бүсгүйн уралдааныхаа усны хувцастай үзүүлбэрийг хассан билээ.