Нүүр хуудас Нийгэм Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ХОТ-уудын ТӨЛӨВЛӨГӨӨ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ХОТ-уудын ТӨЛӨВЛӨГӨӨ

154
0

Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хот суурин газар амьдарч буй энэ цаг үед эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн 70 гаруй хувь нь хотуудаас ялгарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд хотууд өөрсдийн санаачилгаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдрах орчныг таатай, тогтвортой байлгах чиглэлд анхаарал хандуулж байна. ХБНГУ-ын Бонн хотноо болж өнгөрсөн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэн орсон талуудын 23 дугаар бага хурлын үеэр хотууд, орон нутгийн засаг захиргаадын авч хэрэгжүүлж буй онцлог ажлуудыг танилцуулах чуулган болж өнгөрсөн. Энэ үеэр Улаанбаатар хот уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө мөн танилцууллаа. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэрт Улаанбаатар хотын үүрэг оролцоо маш өндөр байгааг энэ үеэр нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга танилцуулан бодлогын баримт бичиг, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийнхээ мэдээллийг өглөө.

Нийслэл хот 2017 онд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хэд хэдэн ажлууд эхлүүлсэн бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалт, авто зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлсөн, барилгын дулаан алдагдлыг бууруулах зорилготой эрчим хүчний аудит хийх төсөл эхлүүлсэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмрийг, хөрөнгө оруулалтын төслүүдийн хамт тодорхойлсон зэргийг онцлов.

Энэ үеэр бусад хотууд мөн санаачлан хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав.

Тухайлбал: БНХАУ-ын Шэнжэн хотын хувьд тээврийн салбараас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд төвлөрөн ажиллаж байгаа аж. 2012 оноос хойш нийтийн тээвэрт ашиглагдаж буй бүх тээврийн хэрэгслүүдээ цахилгаан болгох бодлого хэрэгжүүлснээр 2017 онд бүх автобуснуудыг цахилгаан хөдөлгүүртэй болгосон байна. 2020 он гэхэд бүх такси үйлчилгээний автомашинуудыг бүрэн цахилгаан болгох аж.

Мөн Япон Улсын Тоёома хот нь байгалийн ногоон бүсийг нийтийн эзэмшлийн талбай болгох төлөвлөлтийг хэрэгжүүлж, суурьшлын бүс болон нийтийн тээврийн сүлжээгээ төлөвлөжээ. Ингэснээр тээврийн салбараас үүдэлтэй эрчим хүчний илүүдэл хэрэглээг хязгаарлаж, газар ашиглалтыг ч зохистойгоор шийдэж чадсан байна. Мөн бага оврын усан цахилгаан станцын технологийг хөгжүүлж, шатамхай түлшнээс хараат бус эрчим хүчний шинэлэг шийдлүүдийг нийтийн байр, орон сууцны хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тайванийн Шинэ Тэйпэй хот замын хөдөлгөөний бүх гэрлэн дохио, гудамжны гэрэлтүүлгүүдийг эрчим хүчний хэмнэлттэй лед гэрлээр бүрэн сольжээ. Дэлгүүрүүдэд гялгар уут худалдаалахыг хориглосон байна. Хотын захиргааны зүгээс орон сууцны дээврийн талбайгаа ногоон болгож, мод цэцэг тарихыг уриалахын зэрэгцээ эхний 30 минутад үнэ төлбөргүй дугуй түрээсийн үйлчилгээг хот даяар нэвтрүүлсэн байна. Ийнхүү дэлхийн хотууд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох алхмуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here