Нүүр хуудас Нийгэм ФОТО: Нийслэлийн шилдэг бүсгүйчүүдтэй танилц

ФОТО: Нийслэлийн шилдэг бүсгүйчүүдтэй танилц

172
0
ih-hotiin-shildeg-emegteichuud
Нийслэлийн шилдэг бүсгүйчүүдтэй танилц

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үед сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар “Их хотын бүсгүйчүүд-2019” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, төлөөлөгч Д.Мөнхжаргал, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа, Д.Баярсайхан, Ж.Эрдэнэбат, Ж.Батсайхан, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, П.Баярхүү нар оролцлоо.

“Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр салбартаа түүчээ болон бусдыгаа манлайлж буй эмэгтэйчүүдийг тодруулав.

Боловсролын салбарын шилдэг бүсгүйгээр Гавьяат багш М.Цэрэнхандыг өргөмжиллөө.

Эрүүл мэндийн салбарын шилдэг бүсгүйгээр Гавьяат эмч О.Сэргэлэн тодров. Тэрбээр 2017 онд дэлхийн шилдэг таван эмчийн нэгээр шалгарсан юм.

Харин Санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарын шилдэг бүсгүйгээр нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч С.Солонго шалгарсан юм.

Хотын соёлыг түгээж, иргэд, оршин суугчдыг цэнгүүлэхэд соёл, урлаг чухал үүрэгтэй. Тэгвэл өнөө жилийн Соёл, урлагийн салбарын бүсгүйгээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Г.Энхнаранг өргөмжлөв.

Бизнесийн салбарын шилдэг эмэгтэйгээр “Гоёл кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариунаа тодров.

Өнөө жилийн “Их хотын бүсгүй-2019” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Монгол эм импекс концерн”-ы гүйцэтгэх захирал Б.Болормаа Хүмүүнлэгийн элч бүсгүйн өргөмжлөл хүртлээ.

Мөн эл арга хэмжээний үеэр нийслэлийн хотынхоо гудамж, талбайг цэвэр, цэмцгэр байлгахаар тууштай ажиллаж буй Д.Түмэнжаргал нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийн нэг болов. Тэрбээр нийслэлийн Хот тохижилтын газарт зам, талбайн үйлчлэгчээр ажилладаг.

Хүндээр өвдсөн, тусламж шаардлагатай 400 гаруй хүүхдийг эмчлүүлэх аян өрнүүлж, үр дүнг нь үзсэн “Stone horse”-ийн кэмпийн туслах С.Нямсүрэнг Сайн үйлсийн элч бүсгүйгээр өргөмжлөв.

Өдгөө 36 настай, найман хүүхэд төрүүлж, өсгөн, хүмүүжүүлж буй алдарт эх Ө.Өрнөхбилэг нийслэлийн шилдэг эмэгтэйчүүдийн нэг болов. Тэрбээр тун удахгүй ес дэх хүүхдээ өлгийдөн авах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here