~Ховд манхан чиглэлд 24 цагийн пост ажиллаж байна~
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018”, “Оюутан тээвэр 2” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн төвийн улсын байцаагч нар хамтран байнгын хяналт шалгалтыг эрчимжүүлээд байгаа юм.
Ховд Манхан чиглэлийн 24 цагийн пост дээр Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Н.Балжиннямаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ постоор Улаанбаатар, Булган сумын Ярантын боомт, Баян-Өлгий Ховдын чиглэлд зорчдог тээврийн хэрэгслүүд дайран өнгөрдөг хөдөлгөөн ихтэй цэг юм.
Хяналт шалгалт хийж байх явцад Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хүн ба ачаа тээврийн журам зөрчсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, хурд хэтрүүлэх, зэрэг зөрчлүүд илэрч байгааг албаны эх сурвалж онцоллоо.
Ховд аймгийн цагдаагийн газрын, замын цагдаагийн тасгаас оюутан тээвэр нэгдсэн арга хэмжээ, олон улсын болон улсын чанартай авто замд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулсаар байна.
Цаашид жолооч нар хурдаа сааруулж, техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрдөж, согтууруулах ундаа хэрэглсэн үедээ жолооны ард суухгүй байхыг замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.